Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж залуусын хайр дурлалын улирал эхэлж байна. Хос хосоороо хоёр гараа хөтлөлцөөд хотын гудмаар алхах залуусыг харахад сэтгэл үнэхээр их хөдөлдөг юм.

Нийслэл Улаанбаатар маань өнгөө засч, зүлэг, мод  нь ногоорч, өнгө алгалсан цэцгээр гоёж, цонхоо онгойлгоход хамар шархирам ногооны үнэр ханхалах зуны улирал үнэхээр сайхан. Их хотод хамгийн их тулгамддаг нэг зүйл бол  “хог”-ны асуудал юм. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ тал дээр ажилууд хийгдэж нийслэл маань хогны асуудлаас бага ч болов ангижирч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэр дундаа залуус цэмцгэр нийслэлийн төлөө хамтдаа уриалж хогоо хогын саванд хийж хэвших суртахууныг нийгэмд түгээж, жил ирэх бүр залуус цэвэрлэгээнд идэвхи, санаачлагатай оролцож байгаа аж.

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2014 онд нийслэлийн хэмжээнд хийгдэх тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээний ажлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд  энэ 4-р сарын 19-өөс эхлэн  6-р сарын 28, 10-р сарын 18, 12-р сарын 13-нд дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд,  ирэх 5-р сарын 24-нд зуслан ногоон бүсийн чиглэлд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулахаар болсон бөгөөд МЗХ энэхүү ажилд нэгдэж залуусдаа “Цэмцгэр нийслэл”-ийг бүтээхийг уриалан гар бие оролцоно.

МЗХ зохион байгуулж байгаа үйл ажиллагаа бүрээ ямар нэгэн үр дүнд хүргэхийг зорьдог бөгөөд өнгөрсөн жил “Залуу дугуйчин” клубтэй хамтран туул гол орчмын хогыг цэвэрлэж байсан бол энэ жил МЗХ-ны дэргэдэх клубууд “Цэмцгэр Цэцээ гүн” явган аяллыг зохион байгуулж Манзушираас Цэцээ гүн хүртэлх хогийг цэвэрлэсэн юм.