Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, ярилцлаа.

Энэ удаагийн сонгууль коронавируст цар тахлын нөхцөлд болох тул нийт иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, бөөгнөрөл, цугларалт үүсгэхгүй байх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хорооны хийж буй бэлтгэл ажлыг сонсов.

Уулзалтад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, гишүүд О.Амгаланбаатар, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, Б.Ганбат, Р.Содхүү, Ө.Энхтөр нар оролцож, ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг онцгой нөхцөл байдалд хэрхэн уялдуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:

 

СЕХ бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа хэвийн явуулж байна. Цар тахлын үеэр дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа тухай мэдээллийг өдөр бүр авч байгаа. Дэлхийн зарим оронд сонгуулийг хойшлуулж байна, зарим нь хугацаандаа явуулна гэж мэдэгдэж байна.

Сонгууль товлон зарласнаас хойш онцгой нөхцөл байдал үүсвэл УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд зогсооно гэж заасан тул бид нөхцөл байдлыг харж байна. Мөн өвчлөлийн асуудлаар Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагын хувьд цаашдаа ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах байх гэж харж байна.  Ер нь, Үндсэн хуульд заасан улс орныг хамарсан, хүний эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсвэл хойшлуулах нь зайлшгүй байх гэж бид үзэж байна.

 

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Р.Содхүү:

 

Ерөнхийдөө сонгууль зарлагдсан цагаас хойш дэлхий дахинд цар тахлын нөхцөл байдлыг манай орны нөхцөл байдалд холбогдуулан дүгнэж үзэхэд ганц л юм бодогдож байна.

Сонгуульд нийт 4 үе шат байдаг. Энэ үе шат бүрийг нарийн судлах хэрэгтэй болж байгаа. Нэгдүгээрт, сонгууль зарлагдана. Ингэхээр мөрийн хөтөлбөр дээр бүгд “шаваарч” байгаа юм. Мөрийн хөтөлбөрийг цахимаар хийж, танилцуулна гэж худлаа шүү. Хоёрдугаарт, нэр дэвших хүрээнд маш өргөн цугларалт болно. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, намууд дээр цугларалт болно. Гуравдугаарт, сурталчилгааны хоёр хоног бий. 2.2 сая сонгогчийн асуудал. Энэ хүмүүс цуглахад ямар байдал үүсэх вэ? Энэ цугларалтууд 4, 5 дугаар сард болно. Улмаар хамгийн их цугларалт хэсгийн хороодод үүснэ. 2,070 санал авах байр ажиллана. Цугларалтгүй сонгууль гэж байхгүй. Тиймээс хэн нэгэн ашиг хонжоо олохдоо биш энэ асуудал өөрөө үндэсний хэмжээний асуудал тул улс төрийн зөвшилцөлд хүрээд үндэстнээ аврах тухай асуудал гэж ойлгож байгаа.

 

Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан:

 

Нэр дэвшигчдэд хуулиар олгогдсон эрхийнх нь дагуу сонгогчидтой уулзах боломжийг нь бид хангах ёстой. Гэхдээ уулзалтууд хийнэ гэхээр санаанд буухгүй байгаа юм. Үүний дараа санал хураалт явагдана.

Улсын хэмжээнд 2,070 санал өгөх хэсгийн хороо байгуулж байгаа. Бидэнд 2,500 санал тоолох машин бий. Улаанбаатарт 3,000 хүртэл хүнтэй хэсгүүд, аймгуудад 2,000 хүртэл хүнтэй хэсгүүд бий. Гэвч энэ хэсгүүдэд олон машин байрлуулах болон хэсгийн хороодын ажилчдын тоог цөөлөх боломжгүй байна.

Тиймээс бид ЭМЯ зэрэг мэргэжлийн байгууллагуудаар эрсдэлийн үнэлгээ хийлгэмээр байгаа юм.

 

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:

 

Бидний тооцоолж буйгаар сонгуулийн үеэр нэг хэсэгт 3,000 сонгогч байна. Тэдгээрийн 60 хувь нь саналаа өглөө гэж бодоход 1,800 хүн санал өгөх тооцоо гарч байгаа. Тэдний саналыг авахад 54 мянган секунд буюу 15 цаг шаардлагатай.

Нэг хүний санал өгөх хугацаа 30 секунд, санал тоолох машины хүчин чадал хамгийн богинодоо 6 секунд. Энэ хугацаагаар тооцон хотод зааланд хийж болох ч орон нутагт асуудал өөр. Жишээ нь, 2,070 хэсгийн 10 хувьд гэвэл 207, 20 хувьд гэвэл 400 гэр барина гэсэн үг. Гэр дотор ямар зайтай билээ. Тиймээс коронавирусний үеийн зөвлөмжийг мөрдөх боломжгүй нөхцөл үүснэ.

Мөн 50 мянган сонгогчтой нэр дэвшигч 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулах эрхтэй. Нэг хүний цаана 250 ухуулагч, шадар туслагч гээд нэмбэл хамгийн багаар бодоход 300 хүн ажиллана. Нэг нэр дэвшигчийн ард 300 хүн сурталчилгаанд явлаа гэж бодоход улсын хэмжээгээр 700 хүн нэр дэвшвэл 210 мянган хүн, тэр хэмжээний тээврийн хэрэгсэл ажиллана.

Зардлын хувьд нэр дэвшигчийн болон намын зардал дээр хязгааруудыг батлаад өгчихсөн. Нэг нэр дэвшигчээс ямар зардал гарах вэ гээд тооцоод үзэхээр дунджаар 400 сая төгрөгийн зардал гаргана. Одоо тойрог томсгосон учир зардал нэмэгдэх байх. Хамгийн багаар 400 сая төгрөг гэж бодоход 280 тэрбум төгрөг болно. 20 нам сонгуульд орлоо гэж бодоход хамгийн багадаа 120 тэрбум төгрөг. Ингээд бодоход нам эвсэл, нэр дэвшигчдээс гарах зардал хамгийн багадаа 400 тэрбум төгрөг. Албан зардлыг нэмээд 420 тэрбум төгрөг болно.

 

50 мянган сонгогчтой, 25 мянган айлтай тойргийн нэр дэвшигч хүн бүрт материалаа хүргэж чадахгүй, айл бүрт хүргүүлэх байх. Ингээд бодвол сонин, сурталчилгааны материалын зардал 40 сая төгрөг. Тэнд ажилласан 300 хүнд 500 мянган төгрөг өглөө гэж тооцвол 150 сая төгрөг. Ингээд тооцохоор нэг нэр дэвшигчийн зардал доод тал нь 400 сая төгрөг, дээд тал нь 1 тэрбум төгрөг хүрэхээр байна.

 

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ө.Энхтөр:

 

Энэ жилийн онцлог юу гэхээр хүмүүс саналаа өгөх эсэх асуудал. Хамгийн эхний ээлжинд ард нийтээс судалгаа авахгүй бол бид нар бүх ажлаа төлөвлөөд хийгээд явж байтал хүмүүс сонгуульд оролцохоо больчихвол яах вэ?

Нөгөө талаар энэ өвчнийг тодорхой хэмжээнд барих түвшний боловсон хүчин, шинжлэх ухааны нөхцөл боломж муу байна. Бид баталгаа гаргаж чадахгүй байна. Тийм учраас яаралтай нөхцөл байдлыг дүгнээд, сонгуулийг хойшлуулах асуудлаар тал талдаа юм бодвол яасан юм бэ гэсэн саналтай байна” гэлээ.

 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгууль зохион байгуулах ажлын хүрээнд олон нийтийн цугларалт зайлшгүй үүсэх, нийт сонгогч хурууны хээ өгөх, амны хаалт, бээлий хэрэглэх, тэдгээрээр хангах зэрэг асуудлуудаар үргэлжлүүлэн ярилцав.

Мөн гадаад улсуудад байгаа монгол иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч байгаа тул эх оронд нь авчирах шаардлагатай, үүнийг дагаад коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлууд нэмэгдэх бодит эрсдэл байгаа зэргийг харгалзан  үзэх шаардлагатай гэсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тулгарах эрсдэлтэй байгаа дээрх асуудлын хүрээнд ирэх долоо хоногт хуралдаж, саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлнэ гэлээ.