МЗХ-ны дэргэдэх Аялал жуулчлалын корпораци анхны гадаад аяллаа хийлээ
2014/04/07
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Аялал Жуулчлалын Корпораци” энэ жилийг “Бид Монголын залуусыг дэлхийгээр хөтөчлөнө” уриатайгаар бүхий л аялалаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 6-13-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотод зохиогдож буй 16-дахь удаагийн “Эрүүл мэнд,эмнэлгийн тоног төхөөрөмж,эм тарианы эрүүл ахуйн үзэсгэлэн” үзэх анхны аялалаа зохион байгууллаа.
Корпорацийн гадаад явах анхны аялал 41 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Баянгол, СХД-ийн эрүүл мэндийн нэгдэл болон газрууд, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, Ховд, Говь-Сүмбэр, Говь-Алтай, Завхан гэсэн аймгуудын эрүүл мэндийн нэгдэл болон газрууд, ”Энх-Эсэн” ХХК, “Care Technology Solutions” ХХК, мөн хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр “Үндэстэн” телевиз нийт 8 хоногийн турш аялах юм. Ингэхдээ “Эрүүл мэнд, эмнэлэгийн тоног төхөөрөмж, эм тарианы эрүүл ахуйн үзэсгэлэн”-д 3 өдөр оролцож салбарын боловсон хүчний ирээдүйн чиг хандлагын талаар болон эрүүл мэндийн олон чиглэлт үзэсгэлэнгээс онцгойлон Эрүүл ахуй, Эрүүл хүнс, Биологийн нэмэлт бүтээгдэхүүн, Эрүүл мэндийн бүтээгдэхүүний сав баглаа, боодол, эм, эрүүл мэндийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, баглаа боодол ба хэвлэх тоног төхөөрөмж, эмийн сав баглаа боодлын материал, гоо сайхан гэх мэт дэлхийн стандартын төвшинд эмнэлэгийн эрүүл ахуйн мэдлэгтэй танилцах юм. Мөн Бээжин хот дахь анагаахын чиглэлээр сурч буй Монгол оюутан, залуучуудтай уулзалт хийх, Бээжин хотын түүхийн дурсгалт болон жуулчдад зориулсан үзвэрийн газрууд болох Цагаан хэрэм, Гүнжийн сүм, Юан гүрний үеийн хотууд, Ялалтын Хаалга, Хубилай хааны цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудаар аялах юм байна.