Сүр дарсан цагдаагийн шинэ дүрэмт хувцас
2014/04/08
Манай төрийн эрх мэдэлтнүүд албан хувцас солихоос өөр ажил хийж чадахаа больсон бололтой. Солихдоо сахил хүртсэн биш шал дордов гэдгийг харин ч нэг утгаар нь үзүүлж байна. Тухайлбал, хүндэт харуулын хувцасыг хүүхдийн тоглоом шиг гялгар болгож өөрчилсөн. Удалгүй сурагчдын дүрэмт хувцасыг шал дордуулсан. Сурагч хүүхэдтэй эцэг эхчүүд бол үүнийг сайн мэдэж байгаа. Хамгийн сүүлд цагдаа нарын дүрэмт хувцасыг өөрчлөв. Биед нь эвтэйхэн, индүүдэх шаардлагагүй гээд л олон давуу талтай юм байх. Үгүйсгэхгүй. Гэхдээ цагдаа бол тухай улсын нэг нүүр царай нь байдаг. Гэтэл шинэ хувцас нь ямар ч “гэрэл гэгээгүй”, харуул хамгаалагчаас дор, сүр жаваахгүй харагдаж байна. Ямар сайндаа л дадлагын оюутан гэж андуурагдан, цагдаа дуудлаа шүү гэх онигоо гарч байхав дээ.
“Жигмэд, Тогмидын” загварыг ЦЕГ, ШУТИС-ийн их сургуулийн Хувцас судлалын төв хамтарч шинэ дүрэмт хувцасны загварыг гаргасан гэж байгаа. Ингэхдээ гадаадын цагдаагийн хувцаснаас жишиг авсан гэж ярьж байгаа боловч тэд нарын дэргэд харин ч дордуулсан байна. Америк, Хятад, Турк улсын цагдаа нарын хувцас сүр жавхаатай, цагдаа гэж илэрхийлэгдэх дүр төрхтэй харагддаг.
Эрүүл мэнд талаас нь бодоод үзье. Зундаа энэ өдөр тумын хувцасыг +30 градуст өмсөөд ажиллах уу? Ямар ч эрүүл хүн даралт нь хөдлөөд харваад унаад өгнө.
Ингэж хувцас шинэчилэлд 5 тэрбум төгрөг зарцуулж байхынхаа оронд зүгээр л цалингийн нэмчихсэн бол дээр байх байлаа. Хамаг муу муухайтай зууралдаад авдаг цалин нь бага, олон жил ажилласан цагдаа 500 мянга авдаг нь нууц биш.
Х.Тэмүүжин сайд өөрийнхөө цахим хуудсаар “Цагдаагийн хувцасыг шүүмжилж буй хүмүүст шинэ, хуучин хувцасыг нь өмсгөөд 4 цаг үүрэг гүйцэтгүүлээд үзэхэд шалтгааныг нь ойлгох байх даа. Хууль сахиулагчдад гоё харагдах хувцаснаас илүү, аюулгүй ажиллах хувцас чухал. Гоё харагдах ёслолын хувцас нь тусдаа байгаа. Байнгын нартай байдаг Монгол шиг газар бүхэл өдөржин гадаа үүрэг гүйцэтгэдэг хүмүүс өөрсдөө ийм малгаатай байх шаардлагатай гэж үзсэн дээ. Цагдаагийн хувцасны өнгө солигдоогүй, хуучин байсан хар хөх өнгөний тэр кодоороо хийгдсэн. Гандсан өнгийг нь хараад дасчихсан бололтой. Жил болгон зардаг байсан цагдаагийн алба хаагчдын хувцасны хангалтын зардлаар хувцасны шинэчлэл хийсэн. Нэг ч төгрөг төсөвт нэмж тусгаагүй” гэж байсан.
Тэгвэл Х.Тэмүүжин сайдаа жил бүр дотооддоо шингэдэг байсан төсвийн хөрөнгийг гадаад улс руу урсгасан чинь үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжээгүй үйлдэл шүү. ЦЕГ-аас Монголын ААН-үүд хийж чадахгүй гэдгээ илэрхийлсэн гэсэн. Тэгвэл яагаад өмд, цамцаар нь ялгаад хэд хэдэн ААН-д захиалаад хийлгэж болоогүй юм бэ? Уг нь үндэснийхээ бүх үйлдвэрт хандсан бол мөнгөө гадаад руу урсгахгүй байсан. “Бөртэ” үйлдвэр өнөөдөр захиалгагүй байгаа гэдгийг бусад эх сурвалж мэдээлж байсан. Тэгэхээр сэтгэл, зүтгэл дутаж, хэн нэгний лобби орж, мөнгө идсэн байх гэсэн хардлагыг төрүүлж байна.
Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжи байж хөгжинө гэдгийг Ерөнхий сайдаасаа эхлээд яриад, хэрэгжүүлэх гээд байхад Засгийн газрын гишүүн нь хэлснээс нь эсрэгээр хийгээд байхад улс хэрхэн хөгжих вэ?
А.Баярмаа