Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай хүргэх зорилгоор Монгол шуудан компанитай хамтарч Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаат шуудангаар дамжуулан иргэний өөрийн хүсэлтээр гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 80 гаруй иргэн өөрийн хүсэлтээр захиалсан гадаад паспортаа гэрийн болон ажлын хаягаар хүлээн авчээ.

Иргэний баримт бичгийг гараас гарт хүргэх үйлчилгээ нь нийслэлийн бүх дүүрэгт байршил харгалзахгүй 24 цагийн дотор хүргэгдэж байгаа бөгөөд үйлчилгээний хураамж 3500 төгрөг,  хөдөө орон нутагт буюу Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв,  Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгуудад 48 цагийн дотор хүргэгдэх бөгөөд 5000 төгрөгийн хураамжийг хүргэлтийн үнэд нэмж төлөх юм. Харин бусад аймгийн төвд 72 цагийн дотор иргэний хүсэлтээр захиалсан гадаад паспортыг нь гэр болон ажлын хаягийн  дагуу  хүргэж өгч үйлчилнэ.

Иймээс иргэн гадаад паспорт захиалчихаад өөрийн хүсэлтээр хүргэлтийн үйлчилгээг сонгосон бол  үндсэн үнийн дүн дээр хүргэлтийн үйлчилгээний хураамжийг нэмж төлөх ёстойг анхаарна уу. Өөрөөр хэлбэл та анх удаа шинээр 1 жилийн хугацаатай гадаад паспорт яаралтайгаар авахаар захиалсан бол /32600/ хот дотор хүргэлт хийлгэвэл 3500 төгрөгийг нэмж төлнө гэсэн үг юм.

Цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг "Монгол шуудан"-ын үйлчилгээгээр  иргэний хүсэлтийн дагуу хаягаар нь хүргэхээр төлөвлөсөн аж.

Х.Даваа