Өргөн хэрэглээний барааны үнэ, ханшийг томоохон зах, хүнсний дэлгүүрээс сурвалжиллаа.

ХОНИНЫ МАХ КИЛОГРАММ НЬ 10, ҮХРИЙНХ 12500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Өнгөрсөн хавар махны үнэ буураагүй. Хонь, үхрийн мах килограмм нь 15-18 мянган төгрөгт хүрсэн. Бид махны жижиглэн болон бөөний үнийг сонирхохоор “Хүчит шонхор” захад 13:00 цагийн үед очив. Энд тэндгүй “Хонины мах хэд вэ, цул мах байна уу” гэх хүмүүсийн хөл хөдөлгөөн их байлаа. Хонины мах зарж байгаа лангууны худалдагч Т.Гармаагаас килограмм мах ямар үнэтэй байгааг асуухад “Хонины ястай шинэ мах килограмм нь 10 мянган төгрөг гэж байна. Цул мах 11500 төгрөгөөр худалдаж байна. Гулуузаар нь авбал килограмм нь 9500 төгрөг. Бүтэн хонь 20-30 килограмм буюу дунджаар 250 мянган төгрөг болж байна. Ногоо гараад одоо л мал таргалж эхэлж байх шиг байна. Сүүлийн өдрүүдэд бороотой байсан учраас махны нийлүүлэлт багассан.

Бороонд норсон мах улцайчихдаг болохоор хүмүүс авах дургүй. Өнөөдөр (өчигдөр)-өөс нийлүүлэлт арай дээрдэж байна. Одоо зоорины хонь гэж байхгүй. Манай мах Сүхбаатар аймгаас ирдэг. 14 хоногийн өмнө хонины ястай мах килограмм нь 11500 гэж байсан бол одоо 1000 төгрөгөөр буураад байна. Нар гараад, бороо орохгүй байвал махны үнэ буурна. Наадам гэхэд 8200-8500 төгрөг  хүртэл үнэ нь буух болов уу. Гэхдээ бороо ороод байвал махны үнэ буурахгүй. Нийлүүлэлт байхгүй болохоор яаж ч бодсон буурахгүй” гэлээ. Харин үхрийн махны тасгийн худалдагч Г.Гэрэлсайхан “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад махны үнэ ханш өдөр бүр өөр байна

Яг одоогийн байдлаар үхрийн ястай мах килограмм нь 12000, цул нь 12500 төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ махныхаа зэрэглэлээс шалтгаална. Өөх багатай, туранхай цул бол килограмм нь 11500 төгрөг рүү орж байгаа. Ястай нь худалдаж байгаа мах хэзээ ч туранхай байдаггүй юм. Өөрөөр хэлбэл, социализмын үед махыг I, II, III зэрэглэлийнх гэж ангилдаг байсан. Одоо ястайгаа худалдаж байгаа махыг II зэрэглэлийнх гэж ойлгож болно. Харин цул махны ихэнх нь III зэрэг буюу туранхай, гялтайх өөхгүй махыг шулж зарж байгаа юм. Мөн нийлүүлэлт бага байгаа энэ үед зоорины мах худалдаалж байгаа.

Үхрийн хавирга килограмм нь 8500, цул нь 11500 төгрөгийн үнэтэй байгаа” хэмээв. “Хүчит шонхор” захад адууны мах зардаг лангуу ганц, хоёрхон байдаг юм байна. Тус лангууны худалдагч Д.Нарангэрэл “Адууны ястай мах 8000, цул нь 8500 гэж байна. Нийлүүлэлт бага байгаагийн хэрээр худалдан авалт ч бага байна. Гэхдээ нэгэнт мах авахаар зориод ирсэн хүмүүс хоосон буцна гэж байхгүй. Үнэтэй ч гэсэн авах хэмжээгээ багасгаад авч байгаа” гэлээ. Харин ямааны махны лангууны худалдагч Ш.Шийдэв гуай “Хаврын ямааны мах өөх муутай, яс нь хүнд. Манайх өвөл зооринд дарсан ямааны мах зарж байгаа. Цул мах килограмм нь 8500 төгрөгийн үнэтэй. Ямааны шинэ мах ховор байна. Түүнчлэн ямааны мах авах хүн ч бага байна. Шинэ хонины мах л гэцгээж байна.

Гэхдээ долоо, наймдугаар сард иргэд ямааны мах сайн авдаг юм. Нэгдүгээрт, үнэ хямд, хоёрдугаарт өөх багатай тул. Харин есдүгээр сараас хойш сэрүүднэ гээд худалдан авалт бага болдог” гэв.14 хоногийн өмнө хонины ястай мах килограмм нь 11500, үхрийн цул 16800, ястай нь 14 мянган төгрөг гэж байсан. Түүнчлэн ямааны мах килограмм нь 8700, адууны махыг 8600 төгрөгөөр худалдаж байлаа. Харин өчигдрийн байдлаар махны үнэ 200-4300 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Тус захад хүнсний ногоо зардаг 10 орчим лангуу байдаг юм байна. Хүнсний ногоо борлуулагч эмэгтэй “Төмс 1800, лууван 2000, шар манжин 6000, хятад сонгино 1500, орос нь 3000 төгрөгийн ханштай байна. Манайд худалдаж байгаа ногоо бүгд зоориных. Шинэ ургацын ногоо гараагүй болохоор зоорины ногооны үнэ одоохондоо өндөр байгаа юм. Төмсний үнэ гэхэд л хоёр дахин өссөн. Харин шинэ ургацын байцаа килограмм нь 2500, лууван таван ширхэгтэй багц нь 2000, ногоон сонгино боодлоороо 1500 төгрөгийн үнэтэй байна” гэлээ. Тэндээсээ бид “Нарантуул” захад хүнсний ногооны  үнэ ямар байгааг сонирхохоор зорив. Ногооны лангууны худалдагч “Сонгуулийн маргаашаас ногооны үнэ эрс нэмэгдсэн. Төмс гэхэд л килограмм нь 1000 төгрөг байсан бол (өчигдөр) 1800 болж, худалдах үнэ нь 2000 төгрөг боллоо. Лууван мөн килограмм нь 1500 төгрөг байсан бол одоо 2500 төгрөг болсон.

Манжин гэхэд килограмм нь 3500 төгрөг байснаа 7000 төгрөг болсон. Бөөний үнэ нь нэмэгдсэн учаас яах ч аргагүй үнэтэй зарж байна. Өнөөдөр (өчигдөр) Жаргалантын шар төмс килограмм нь 2000 төгрөгөөр нийлүүлнэ гэхээр нь гуйж байгаад 1800 төгрөгөөр авсан. 2000 төгрөгөөр аваад яаж 2500 төгрөгөөр зарах вэ дээ. Шинэ ургацын монгол байцаа килограмм нь 2500 төгрөг байна. Харин хятад сонгино килограмм нь 2500, орос нь 3200 төгрөгөөр борлуулж байна. Шинэ ургацын ногоо гарахаар энэ үнэ буурна. Энэ хавар бороо хур муу, тариалалт оройтож эхэлсэн учраас шинэ ургацын ногоо оройтож байна. Тэрнээс долдугаар сарын эхэн гэхэд шинэ ургацын ногоо гарах дөхчихсөн, захиалга авч байдаг юм” гэлээ. Харин өөр нэг лангууны худалдагч Г.Золзаяа “Шинэ ургац гартал ногооны үнэ буурахгүй. Өнгөрсөн жил хүнсний ногооны ургац муу байсан болохоор өдийд ийм үнэтэй болж байгаа юм. Ногооны үнэ нэмэгдэж байгаа нь нөөц дуусаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шинэ ургацын төмс гарах болоогүй, зоорины төмс дуусаж байна гэж ойлгож болно.

Өмнөх жил нь ургац хэр авсан нь яг өдийд тодорхой болдог. Тэгэхээр өнгөрсөн жил төмс, шар манжинг ногоочид төдийлөн хангалттай хурааж аваагүй гэсэн үг. Хэрэв элбэг байсан бол шинэ ургац гарахаас өмнө хямд үнээр ч болтугай борлуулж дуусгах гэж үзнэ шүү дээ. Ургац хураалтаасаа шалтгаалж, жил бүр ногооны үнэ харилцан адилгүй байдаг. Өнгөрсөн жил гэхэд л төмсний үнэ килограмм нь 1700 төгрөгөөс дээш гараагүй” гэсэн юм. Харин Баянзүрх дүүргийн II хороонд байрлах “Эмү” хүнсний дэлгүүрт төмс килограмм нь 2400, лууван 2800, манжин 7500, сонгино 3600, байцаа 3000 төгрөг гэж байлаа. Худалдагч нь “14 хоногийн өмнө ногоо худалдаж авахад одоогийнхоос хоёр дахин хямд үнэтэй байсан. Тухайлбал, төмсийг килограмм нь 900 төгрөгөөр аваад, 1200-аар зарж байсан. Мөн шар манжинг 4000 төгрөгөөр аваад 4800-аар зарж байв. Өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдрөөс ногооны үнэ огцом өссөн” гэв.

Эндээс харахад хуучин ургацын ногооны үнэ хоёр дахин нэмэгдэж, хомсдол үүсэхэд ойрхон байна. “Хүчит шонхор” захад хүнсний ногооны үнэ бусад газраас 200-1000 төгрөгөөр хямд байв. Харин гэр хороололд байрлах хүнсний дэлгүүр болон “Нарантуул” захад хүнсний ногооны үнэ гаарч байна. Нэг килограмм шар манжин гэхэд л 800 грамм ямааны махны үнээр зарагдаж байлаа

БУДАА, ГОЙМОНГИЙН ҮНЭ ӨСЖЭЭ

Дээрх гурван газарт буюу Хүчит шонхор”, “Нарантуул” олон улсын худалдааны төв, Баянзүрх дүүргийн II хороонд байрлах “Эмү” хүнсний дэлгүүрт өргөн хэрэглээний бараа ямар үнэтэй байгааг сонирхуулъя. “Хүчит шонхор” захад гурил, будааны лангуу ажиллуулдаг худалдагч Б.Баярчулуун “Өргөн хэрэглээний барааны үнэ бараг нэмэгдээгүй. Коронавирусийн халдвараас шалтгаалж, зарим барааны үнэ гуравдугаар сард бага зэрэг нэмэгдсэн. Одоогоор цагаан будаа килограмм нь 2500-3000, бор 4500, шар 3000 төгрөгөөр худалдаж байна. Энэ нь сүүлийн гурван сард 400-800 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.

Мөн гурван килограммтай лапша гоймон 400 төгрөгөөр нэмэгдэж, 3000 төгрөг болсон. Ургамлын тос 3000-5500 төгрөгийн хооронд байна. Харин сахар 2200, мушгиа гоймон килограмм нь 1800, гурил 1200-1500 төгрөгийн үнэтэй. Гурил үйлдвэр үйлдвэрээсээ шалтгаалаад өөр үнэтэй байгаа. Тухайлбал, 25 килограммтай “Ургац”, “Алтантариа”  26, “Улаанбаатар” 27, “Өег өсөг” 25 мянган төгрөгийн ханштай байна” гэв. Харин “Нарантуул” захын худалдагч “Эргэн тойрон дүүрэн л будаа, сахар зардаг лангуу байгаа. Худалдан авалт энэ хэрээр муудсан. Цагаан будаа килограмм нь 2500-3000 мянган төгрөг гэж байна.

Ургамлын тос литр нь 2800-5500 төгрөгийн үнэтэй. Харин 25 килограммын гурил хамгийн дээд тал нь 28000 төгрөг гэж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээгүй хэвийн байгаа. Шатахууны үнэ буурсан болохоор бусад бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад буурах ёстой гэдэг ч одоогоор үнэ нь буурсан бараа, бүтээгдэхүүн байхгүй” гэлээ.

“Эмү” хүнсний дэлгүүрийн худалдагч “Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээгүй, хэвийн байгаа. Улаанбаатар гурил килограмм 1600 төгрөг, лапша гоймон 120 граммтайг нь 1050 төгрөгийн үнээр борлуулж байна. Цагаан будаа килограмм нь 3000, бор будаа 600 граммтай нь 3850 төгрөг. Ургамлын тос 3500-6800 төгрөгийн хооронд байна. Зарим тохиолдолд захуудаас хүнсний жижиг дэлгүүрүүдийн барааны үнэ хямд байдаг. Иргэд үүнийг мэдэхгүй зах руу зүтгээд байх тал ажиглагддаг” гэлээ. “Хүчит шонхор” захад махны үнэ бага багаар буурч, “Нарантуул” захад хүнсний ногооны үнэ өдөр өдрөөр өсөж байна. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН