“The Voice of Mongolia“ шоуны шилдэг оролцогч Б.Оюутай ярилцлаа.


-“The Voice of Mongolia” шоунд оролцоод тодорхой хэмжээнд олны танил болчихлоо. Таны амьдралд хэрхэн нөлөөлж байна?

-Өмнөхөө бодвол миний амьдралд их өөрчлөлт гарсан. Гудамжаар, салхилаад алхаж явахад хүмүүс таниад зургаа даруулж, дэмжсэн шүү гэдгээ илэрхийлж байна. Мөн олон хүний хараат болсон. Өмнөхөө бодвол алхаа гишгээ, үйлдлийг минь олон хүн харж, хянаж байгаа болохоор илүү их хичээж хүмүүст зөв үлгэр дуурайл болох зүйлийг хийж байх ёстой юм байна гэдэг ойлголтыг аваад л байж байна даа.

-Таныг энэ шоунд ятгатайгаа дуулаасай гэж их хүссэн шүү. Ятгатай хосолсон уран бүтээл гаргах бодол бий юү?

-Тэр талаар бодоогүй л байна. Би мэргэжлийн ятгачин хүн. Гэхдээ хөгжмөө тоглоогүй долоо, найман жил болжээ. Эргээд хөгжмөө тоглох бодолтой байгаа. Яг уран бүтээлтэйгээ хослуулах тал дээр бодсон юм байгаа ч одоохондоо дорвитой шийдлийг олоогүй байна.

-Одоо та олонд танигдсан дуучин боллоо. Цаашдын уран бүтээлүүд хөврөх байлгүй дээ?

-Төлөвлөсөн ажлууд зөндөө бий. Жанр, стилийн хувьд войсийн шат болгон дээр олон дүр төрхийг харуулахыг хичээсэн. Тийм болохоор ямар ч жанрыг барьж дуулж болох юм байна гэдэг дүгнэлтийг Д.Отгонбаяр дасгалжуулагч өгсөн. Эхний ээлжинд гарах уран бүтээлүүд төлөвлөгөөний дагуу Д.Отгонбаяр дасгалжуулагчийн заавар зөвлөгөөн дор явна. Ахынхаа шийдвэрийг хүлээгээд л сууж байна даа.

-Таныг “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож байхад “Хьюстоны хойд дүр” гэж тодотгосон байдаг. Энэ тодотголд хэр дуртай вэ?

-Би мэдээж Хьюстон биш. Хүмүүсийн л өгсөн хоч. Хэтэрхий том цолыг надад өгснөөс болж олон хүний дургүйцлийг хүргэсэн юм шиг байна лээ. Би өөрөө өөрийгөө тэгж цоллоогүй, тухайн үеийн дууны сонголтоос болсон учраас зөвөөр ойлгоорой. Өөрийгөө тэгж цоллож зүрхлэхгүй шүү дээ. Оюу Оюугаараа л байна. Үүнийг войс дээр нотолж, харуулахыг маш их хүссэн. Заавал хэн нэгний дуураймал ч юм уу, шилдэг оддын дараачийн хувилбар болж гарахдаа биш, яг бодит, дотор байгаа дуучин Оюу гэдгээр нь л олон нийт хүлээж аваасай гэж хүсдэг.

-“Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсон Б.Оюу болон “The Voice of Mongo­lia” шоунд оролцсон Б.Оюу хоёрын ялгаа юу вэ?

-Өмнө нь би дасгалжуулагч, хоолойн багштай байж үзээгүй. “Авьяаслаг Монголчууд” шоунд бор зүрхээрээ оролцсон. Олон жил дуу хөгжим гэж явахдаа ямар ч багшгүй, өөрөө өөрийгөө бэлдэж ирсэн. н.Оюунгэрэл гэж мундаг төгөлдөр хуурч намайг дасгалжуулсан. Эгчийнхээ ачаар маш их зүйлийг сурч, өөрийгөө илүү нээж, өөрийнхөө чадваруудыг олж авсан. Хөндлөнгийн хүний чихээр өөрийгөө сонгож, дүгнүүлээд цааш алхах өөр байдаг юм билээ.

-Дуулах ур чадварын хувьд хэр өөрчлөлт гарсан бэ?

-Дуулах ур чадвар өмнө нь байсан. “Авьяаслаг Монголчууд” шоун дээр тэрийгээ бүрэн харуулж чадаагүй. Яагаад гэвэл стиль жанр, дууны сонголтын хувьд өөр өнцгөөс харуулах боломж хомс байсан. “Авьяаслаг Монголчууд” шоу олон төрлийн авьяасын тэмцээн. Харин войс бол зөвхөн дуу хоолойны тэмцээн учраас өөрийгөө маш олон төрлөөр илэрхийлэх боломжтой. Тийм учраас “Авьяаслаг Монголчууд” дээр хийж чадаагүй зүйлээ войс дээр хийнэ, үзүүлнэ гэж бодож орсон. Дасгалжуулагчид маань намайг чиглүүлж, зөвөөр илэрхийлж, харуулж чадсан байх гэж бодож байна.

-Цаашид дуулах чадвар нь улам өсөх боломжтой харагдаж байгаа?

-Сурах зүйл зөндөө байна. Мэдээгүй, чадаагүй зүйл бас их байна. Урлаг гэдэг өөрөө дуусашгүй зүйл. Миний хэлэх дуртай үг “Дуу хөгжим би чиний мөнхийн сурагч байх болно” гэсэн үг бий. Би насаараа дуучин болно гээд зүтгэж яваагийн хувьд насаараа дуу хөгжмөөр суралцаад дуусах болно. Өөр яаж дэвжин дээшилж, өөрөөсөө өөр юу гарах боломжтой байгааг бас харж амжаагүй байна. Тийм болохоор их зүйл гарах байх гэж бодож байна.

-Тайзан дээр гарахын өмнө өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Өмнө нь “Авьяаслаг Монголчууд” гэх том шоуны тайзан дээр гараад үзчихсэн болохоор харьцангуй өөрийнхөө сандралыг давж гарах аргаа олчоод войсд орсон. Ийм том хэмжээний шоунд ороход сэтгэлзүй маш их чухал. Урлагийн хүний хувьд маш олон зүйлийг давж гарах ёстой шалгуур болж ирдэг. Зөвхөн дуулалт, өрсөлдөгчдөөс гадна өөрийнхөө айдсыг давж гарч, сэтгэл зүйг маш сайн бэлдэж гардаг. Энэ нь өөртэйгөө алалцаж, тэмцэлдэж байгаа том тэмцэл юм. Өмнө нь “Авьяаслаг Монголчууд”-ын тайзан дээр гарч байсан болохоор войсын тайзан дээр гарахад бодсонооос бага сандралтай байсан. Төгсгөл рүү явах тусам мэдээж сандрал, айдас нэмэгдсэн. Тэрийг үнэхээр дотоод хүнээрээ давж гарлаа. Өөртэйгөө тэгж тулж ярилцаж үзээгүй.

-Д.Отгонбаяр дасгалжуулагчийн хувьд энэ шоуны дууны сонголт дээр маш мэдрэмжтэй байж чадсан. Танай дасгалжуулагчийн бусад гурваасаа ялгагдах онцлог юу вэ?

-Д.Отгонбаяр ахыг бусдаасаа илүү нягт нямбай гэж харсан. Давуу тал гэвэл маш тууштай, зоригтой. Бусад дасгалжуулагчдаа дутуу гэж хэлэх гэсэнгүй л дээ. Шууд л Д.Отгонбаяр ахтайгаа тулж ажилласан болохоор бусад дасгалжуулагчдаа биш Отгоо ахынхаа бүх давуу талыг хэлмээр байна. Отгоо ах маань маш тууштай, зоригтой, бусдад зааж сургах тал дээр дасгалжуулагч хүн шиг байж чаддаг, загнах үедээ загнаж, алдаа оноог шууд нүдэн дээр минь хэлдэг, хүн чанартай, маш уяхан хүн. Отгоо ах минь байсан тулдаа л айдсаа давж гарч чадсан гэж боддог. Ер нь хүнээс ямар дуу сонсдогийг нь асуух дуртай л даа. Сонсдог дууных нь төрөл жанраар нь тухайн хүний дүгнэлт бараг гараад ирдэг. Дууны сонголтоор нь Отгоо ахыг маань ард түмэн ямар хүн бэ гэдгийг дүгнэсэн байх гэж бодож байна.

-Сошиалаар таны нэрийг залхуу буузаар хийсэн харагдсан. Хүмүүс үнэхээр сэтгэлээсээ дэмжиж байсан. Тэр зургийг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Тэр постыг аль дээр харсан. Чатаар ирж байсан. Тэгээд би “хүүе ээ ямар инээдтэй юм бэ” гээд харж байсан чинь финалын шатны үеэр яг тэр зураг од болсон доо. Тэр буузыг хийсэн хүн магадгүй Оюу гэдэг надтай адилхан нэртэй хүнд зориулж хийсэн байх. Миний дэмжлэгээр сошиалд олны хүртээл болж, массыг хамарсан юм болов уу л гэж боддог (инээв).

-Та “Шар айраг” хамтлагт байсан. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу? Хэр хугацаанд харьяалагдсан бэ?

-Монголын том гэсэн хамтлагуудтай бүгдтэй нь хамтарч ажиллаж, дуулж үзсэн. “Шар айраг” хамтлагийн Г.Ганхүү ахтайгаа нийлээд нэлээд цаг хугацааг өнгөрөөж, сайхан дуулж, хуурдсан. “Шар айраг” хамтлагийнхантай Лондон болон Турк улсад тоглолт хийж, маш гоё аяллуудыг хийсэн. Хамтлагийн ах нартайгаа ажиллахад маш сайхан байдаг. Мундаг хөгжимчидтэй, мундаг хүрээлэлтэй, сурах зүйл их бий. Тэр үеийн дурсамжууд маш гоё байдаг л даа. Одоо ч гэсэн намайг уриалгахан хүлээж авдаг. Би хамтлагаас гарч, цаашаа явах болсон замнал “Авьяаслаг Монголчууд” шоуны үеэс эхэлсэн. Тэр үеэс соло уран бүтээлчээр явах чиглэлийг сонгосон. Цаг хугацаа, боломж нь олдвол амьд хөгжмийн хамтлагуудтайгаа, ах, эгч нартайгаа бүгдэнтэй нь хамтарч ажиллаад дуулахыг хүсдэг.

-Таны найз Санчир войс шоунд ороход тань маш их нөлөөлсөн гэдэг. Одоо найздаа талархаад барахгүй байгаа биз?

-Найздаа маш их баярладаг. Орно, орохгүй гээд шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж суухад маш их дэмжлэг туслалцаа, урам зоригийг маань асаасан. Найз маань “Чи өөрийгөө дутуу үнэлж болохгүй, энэ шоунд байх ёстой хүн” гээд намайг маш их зоригжуулсан.

-Боломж гэж таны хувьд юу вэ. Шоу бол маш том боломж шүү дээ?

-Ухаантай хүн боломжийг бүтээдэг, сэргэлэн хүн боломжийг ашигладаг, залхуу хүн боломжийг хүлээдэг харин тэнэг хүн боломжийг алддаг гэсэн үг байдаг. Хүмүүс намайг тэмцээн хэссэн, шоу хэссэн гэж их ярьсан. Спортынхон ч гэсэн тэмцээн уралдаанд хүчээ сойж амжилтанд хүрдэг. Олон удаа бүдэрсэн ч гэсэн дахин дахин ордог. Урлагийн хүн гэхээрээ заавал нэг шоунд орчихоод дараагийн шоунд нь орохгүй өнжих ёстой гэсэн ойлголт байж болохгүй. Залуу хүн боломж гэж харсан зүйлийг алдалгүй барьж авах ёстой. Шоу хэсдэг, энэнээс илүү юм гарахгүй гэж хүлээсэн хүмүүсийн үгэнд авталгүйгээр энэ бол боломж, би үүнийг алдах ёсгүй гэж бодох хэрэгтэй. Боломжийг тэнэг хүн л алддаг. Би боломж гэж харсан учраас энэ шоунд орсон.

-Та дуу зохиох авьяасаа хэзээнээс хөгжүүлсэн бэ?

-Дуу зохиох гэж оролдож байгаа. Чадна даа гэж бодсон хэрнээ хэзээ ч оролдож байгаагүй зүйл л дээ. Одоо бол оролдож эхэлж байгаа. Энэ чадвараа сайн хөгжүүлээд заавар зөвлөгөөгөө аваад, уран бүтээлээ өөрөө зохиож, өөрөө дуулаад явдаг дуучин болох хүсэлтэй байна.

-Таны урын санд хичнээн дуу бий вэ? Олон нийтийн хүртээл болгох бодол бий юу?

-Хүмүүст хүрээгүй, сэглээд сэглээд орхисон олон дуу байгаа л даа (инээв). Гэхдээ би цаг нь болоогүй гэж бодож байна. Юм бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Янзална гэж орхиод нэлээд хугацааг шоундаа зарцуулаад хөндийрсөн байна. Одоо эргээд онгодоо оруулж, сэргээгээд Отгоо ах болон мундаг хөгжмийн зохиолчдод сонсуулаад, заавар зөвлөгөө аваад янзлах юмнуудаа янзалж байгаа. Цаг нь болохоор гаргана аа. Цаашдаа ч олон жилийн дуулалттай, олон жилийн настай сайхан уран бүтээлүүдийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Дээрээс нь би энэ шоунд маш олон гадаад дуу дуулсан. Монгол дууг ч мөн дуулж чадна гэдгээ үзэгчдэд харуулсан. Цаашдаа монголчуудынхаа сайхан ээж, сайхан охин, сайхан эмэгтэй нь байж, тийм уран бүтээлүүдийг дуугаараа илэрхийлж, харуулж дуулахыг хүсч байна.

-Орчин үеийн хөгжмийн шинэ урсгал болох трап чиглэлээр дуу гаргах бодол байдаг уу?

-Бодол бий. Гэхдээ ганцаараа биш, залуу рэппэрүүдтэй хамтарсан уран бүтээлүүд хийе гэж боддог.

-Шоу бараг жилийн турш үргэлжиллээ. Энгийн амьдралын хэмнэлдээ эргээд орох хэр байна?

-Яг үнэндээ жаахан эвгүй байсан. Байнгын бэлтгэл сургуулилттай, байнгын төлөвлөгөөтэй. Тэнцэнэ, тэнцэхгүй гэсэн хоёр л зам бий. Тийм урчаас аливааг сайн муу талаас нь харж сурсан шүү. Санасныг бодвол маш хол явлаа. Шоу дууссаны маргаашнаас жаахан эвгүй байсан. Ажилд орчихоод гэнэт халагдчихсан юм шиг мэдрэмж авсан шүү. (инээв).

-Тайзан дээр гараад дуулна гэдэг асар их сэтгэл хөдлөл байдаг. Үүнийгээ даван туулж өнгө алдалгүй, мэргэжлийн түвшинд дуулна гэдэг дуучин хүний бас нэгэн ур чадвар. Та “Буцааж нэхэхгүй хайр” дууг дуулахдаа сэтгэл хөдлөлдөө автах шахсан?

-Сонсогчдын хандалтыг харахад тэр алдаа илүү амттай байсан юм шиг байна лээ. Ээжийгээ харсан сэтгэл хөдлөл, ээждээ зориулж дуулсан тэр алдаа, тэр дууг хүний сэтгэлийн гүнд нь хүртэл оруулж чадсан байх. Бусдын зүрхэнд нь хүртэл, нулимсыг нь гартал дуулсан ганц шалтгаан бараг тэр жижигхэн алдаа байсан юм болов уу гэж би бодсон. Амьд дуулж байхад алдаа нь хүртэл гоё сонсогддог гэдэг. Тийм болохоор миний “Буцааж нэхэхгүй хайр” үзүүлбэрийн алдаа нь хүртэл амттай сайхан байсан (инээв).

С.ЛХАМСҮРЭН

Б.МӨНХДУЛАМ