2014 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо
2014/04/11
Тусгай зориулалтаар 2014 онд угалз 28, тэх 41, халиун буга 20, саарал чоно 20, бор гөрөөс 10, цагаан зээр 200 толгойг агнуулах, судалгаа шинжилгээний зориулалтаар идлэг шонхор шувуу 20 хүртэл толгойг барих, 310 толгой тул загас барьж буцаан тавиулахаар тогтлоо. Ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн 2013 онд спорт болон олзворын агнуурын чиглэлээр нийт 28 суманд 15 угалз, 32 тэх, 10 халиун буга, 4 саарал чоно, 4 бор гөрөөс, 4 зэрлэг гахай агнаж, агнуурын төлбөр хураамжийн 520,000,000 төгрөг сумын болон улсын төсөвт оржээ. Агнуурын менежментийг орон нутагт шилжүүлсэн бодлогын шинэчлэлийн үр дүнд төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцаанд тулгуурласан амьтны нөөцийг хамгаалах эхлэл тавигдаж байна. Орон нутагт байгаль хамгаалах нутгийн иргэдийн 3 холбоо, 6 нөхөрлөл, 4 төрийн бус байгууллага, малчдын 2 хоршоо байгуулагдан ажиллаж байгаа юм.