Yндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн 5-р сард хуралдаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэсэн билээ.

Ингэхдээ : "Үндэсний их баяр наадмыг технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа үзэх юм." хэмээн тайлбарлаж байв.

 

Гэвч явц дундаа буюу 6 сарын 16-нд хуралдсан Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар  Монгол төрийн наадам буюу Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гэр бүлийнхний хувь эзэмшдэг "13-р зуун" цогцолборт болж, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, “Херо энтертайнмент”-ын Ерөнхий Найруулагч Б.Баатар найруулахаар болоод байна.

 

Энэ нь иргэдийн эгдүүцлийг хүргэж буй нь зайлшгүй бөгөөд хамгийн энгийн жишээ дурьдахад ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнийн ах нь  “Херо энтертайнмент”-ын Ерөнхий Найруулагч Б.Баатар байгаа нь яахын аргагүй сонирхлын зөрчил үүсгэж буй юм.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн Баасан гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн түр үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангаас Үндэсний Их баяр наадмын төсвийн асуудлаар тодруулга хийсэн нь "дарин дээр давс" гэгчийн үлгэр шиг л зүйл болов.

Тодруулбал Ж.Батбаясгалан: "Коронарвируст цар тахлаас үүдээд Цэнгэлдэхэд олон хүн бөөгнүүлж Үндэсний их баяр наадам тэмдэглэх боломжгүй болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Ингээд бид хүний хөлөөс зайдуу, Улаанбаатар хотын 90 км-ын радиус дотор баяр, наадам тэмдэглэж болох хамгийн боломжтой газар хаана байгааг судалсан. Маш том судалгаа хийсэн юм шүү. Ингээд судалгааны үндсэнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хийхээр болсон.

 

Бидний сонгож хийхээр болсон газарт дэд бүтэц байгаагүй ч маш олон компани нийгмийн хариуцлагаа хүлээж, тусалж дэмжиж байна. " хэмээн тайлбарласан юм.

Инээдтэй хэрэг шүү. Улаанбаатар хотын 90 км-ын радиус дотор судалж судалж олсон газар нь ямар ч дэд бүтэцгүй, тэгсэн атлаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг "13-р зуун"  цогцолбор болж таардаг. Түүнд нь улсын төсвөөс ямар ч хөрөнгө гараагүй хэдий ч хувийн томоохон компаниуд хандив өгдөг. "13-р зуун"  цогцолбор нь харин "Наадмын тусгай хөтөлбөр" нэрээр иргэдийн үзэх эрхгүй наадам болох өдрүүдийн захиалгыг 62400 төгрөгөөр авч эхэлснээ компанийхаа сайтад зарлачихдаг.

Юутай ч бараг 100 жилийн түүхэнд Монгол төрийн наадам төрийн цэнгэлдэхээс өөр газарт буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гэр бүлийнхний хувь эзэмшдэг хувийн амралтын газарт зохион байгуулагдсан нэн содон баримт түүхэнд үлдэх нь.

Гагцхүү сайнаар уу? муугаар уу? гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

 

М.Гал 

sonin.mn