Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн амны ойролцоо, Маршалын гүүр хэмээн олны нэрлэдэг, хууль, тогтоолдоо Их тэнгэрийн амны гүүр хэмээх байгууламжид хүн амиа алджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ сарын 4-ний 09.00 цагийн үед энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнууд очиж шалгахад 23 настай С гэх бүсгүй амиа алдсан байж. Хэргийн газрын үзлэгээр талийгаач амиа хорлосон нөхцөл байдал тогтоогдсон аж.

Өндөр хамгаалалттай энэ бүсэд хүн амиа алдчихаад байхад Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд хяналтаа тавихгүй хариуцлага алджээ гэхэд хилсдэхгүй. Учир нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8.2-т “Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай бусад зүйлийн жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан байдаг. Засгийн газраас 2012 оны есдүгээр сарын 29-ний 65 дугаар тогтоолоор баталсан Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтын 20 дугаарт Их тэнгэрийн ам, 24 дүгээр Их тэнгэрийн амны гүүр багтдаг юм.

Өнгөрсөн өвөл нэлээд хэл амтай нэмэлт өөрчлөлт оруулж, тусдаа агентлаг болгох, дарга нь цэргийн дээд цолтой байхаар тусгасан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 11.2-5 дахь хэсэгт “Төрийн тусгай хамгаалалтын бүс, барилга, бусад зүйлийг харуулын салбарын хамгаалалтад авах”, 11.2-8-д “Төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, тээврийн хэрэгсэл, бусад зүйл, тэдгээрийн орчинд холбогдох байгууллагуудтай хамтран инженер-техникийн үзлэг, шалгалт хийж аюулгүй байдлыг хангах” үүрэгтэй гэж заажээ. Тэгэхээр ТТХГ-ынхан хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, харуул хамгаалалттай бүсэд нь хүний амь үрэгдчихээд байхад юу ч хараагүй, мэдээгүй байгаа нь асуудал дагуулахаар байна. 

Бд энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.