Вьетнам Улсаас манай улсад 700 гаруй иргэд ажиллаж, амьдардаг
2014/04/12
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пан Данг Дунгийг хүлээн авч уулзлаа.
Ноён Пан Данг Дунг нь 2014 оны 03 сарын 21-ний өдрөөс эхлэн элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд уулзалтаар Улаанбаатар хоттой цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар талууд ярилцсан байна. Элчин сайд Пан Данг Дунг нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэ онд Монгол Улс-Вьетнам Улс хоорондын хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улаанбаатар хоттой тодорхой салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ онцлон хэллээ. Харин нийслэлийн Засаг дарга “3 жилийн хугацаатай манай улсад элчин сайдаар томилогдон ирсэн танд ажлын амжилт хүсье. Бид аль ч салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм. Бүгд найрамдах социалист Вьетнам Улсаас монгол улсад 700 гаруй иргэд ажиллаж амьдарч байгаа аж.