"Балгас"-ыг нь ч нураагаагүй байж төсвийг нь нэмж суух нь цаг мөн үү!
2014/04/12
“Нурах аюултай учир эмнэлгийн үйл явуулах боломжгүй” гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт удаа дараа гарсан ч өөр байргүйн улмаас урсгал завсар хийн, аргацааж ажилласаар арав гаруй жилийг үдэж, өнгөрсөн жилийг хүргэсэн эмнэлэг бол түлэнхийн төв.
Тус эмнэлгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй түр нэгтгэж түлэнхийн төвийн суурин дээр 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчлэх олон улсын стандартад нийцсэн долоон давхар эмнэлэг барихаар зураг төсөл нь бэлэн болсон. Энэхүү шинэ эмнэлэг нь зургаан тасагтай аж. Хүүхдийн, насанд хүрэгчдийн тасгуудаас гадна төрөл бүрийн гэмтлийн дараа нөхөн сэргээх, өвчний хүндрэлийг эмчлэх тасагтайгаас гадна онцгой байдлын үед ашиглах 25 орны нөөцтэй байхаар төлөвлөсөн юм. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн иргэдийг хүлээн авах ясны төрөл бүрийн гэмтлийг эмчлэх 50 ортой тасагтай болгоно хэмээн салбарын яамнаас амлалт өгч эмнэлэгийг нүүлгэсэн. 2012 оны зургадугаар сараас хойш Түлэнхийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв буюу шинэ гэмтлийн байранд түр толгой хорогдсон ч ачааллаа дийлээгүй.
Ингээд Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн тойргийн хойно орших “Мөнгөн гүүр” гэх хувийн эмнэлгийг түрээслэснээс хойш хоёр дахь зунтайгаа золгох гэж буй энэ.
Өнөөдрийг хүртэл эмнэлэг барих нь битгий хэл балгасыг нь ч нураасангүй. "Авлигажсан" төсөвт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа түлэнхийн төвийн барилга төсөвт өртөг нь нэмэгдчихсэн жагсаалтад багтан оржээ.
Өнгөрсөн онд найман тэрбум төсөвлөгдсөн бол 2013 оны долдугаар сарын 5-нд магадлал хийсэн өртгөөр 26 тэрбум төгрөг болон нэмэгдсэн байна. Түлэнхийн төвийн төсвийг 18 тэрбумаар буюу 225,6 хувийн өсөлттэй хэмээн "Авлигажсан" гэх тодотголтой төсөвт тусгажээ.
Төсөв өртгийг нэмэхээс өөр зүйл хийхгүй, цаасан дээр хий дэмий мөнгөн дүн гаргаж суухын оронд хуучин балгасыг нурааж "Долоон давхар" шинэ түлэнхийн төвөөрөө иргэд үйлчлүүлэх цаг хурдан ирээсэй билээ.
Х.Даваа