Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат хэргээ хөөн хэлэлцэх хугацаагаар хаалгахыг санаархаж байна уу
2020/07/16
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болсон байдаг.
Ингэхдээ Нэгдүгээр эмнэлгийн өөдөөс харсан дэлгэц бүхий Худалдаа хөгжлийн банканд хууль бус давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авсан байдаг. Улмаар ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгасан юм.
Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатад эрүүгийн хуулийн 22.1.2-д зааснаар, Бэгзсүрэнгийн Шинэбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1.2, Чулуунцэрэнгийн Отгончулууг тус тус яахаар дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.05.01-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Уг хэлэлцүүлгээр яллагдагч нарын өмгөөлөгч болон иргэний хариуцагч /Дарханы төмөрлөгийн үйлдвэр/ итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүсэлт гаргасан. Шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцаасан.
Уг захирамжид прокурор эсэргүүцэл бичиж 2020 оны 06-р сарын 29-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Шүүх хурал хуулийн хугацаандаа товлогдоно. Хэрээ хэргийг прокурорт буцаавал багагүй хугацаа алдана.
Эндээс үзэхэд хэрэг шүүхийн шатандаа хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдах боломжтой нөхцөл байдал үүсч байна. Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн захирамжийг хүртэл давж заалдах нь буруутай байж болзошгүй этгээдүүдэд боломж олгож байгаа хэрэг юм.
Харин Хөгжлийн банк 4.8 тэрбум төгрөгөөр хохироод үлдэх нөхцөл байдал үүсээд байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.