ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 19-нд нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан долоон хүний давтан шинжилгээ, Ханги боомтоор орж ирсэн жолооч нар болон Алтанбулан боомтоор орж ирсэн тээврийн жолооч нарын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад сувилалд байгаа 24 хүнд хяналтын шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 74 хүний 64-ийнх нь биеийн байдал хөнгөн, 10 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн. Нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа.

Бид дараагийн чартерын онгоцыг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад хүлээж байна" гэв.