Баян-Өлгий аймгийн залуус өглөө бүр гүйж эхэллээ
2014/04/13
Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос эхлэн орон даяар “Спирт үү, спорт уу” аяныг өрнүүлж энэ ажлын хүрээнд “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан “Улаанбаатар-2013” дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион байгуулсан юм.
Мөн нийслэлийн сургуулиудад спорт заалаа нээлттэй болгох уриалгыг хүргүүлсэн. Ингэснээр хүүхэд залуучуудаа спортод элэгтэй болгож, бие бялдарыг нь хөгжүүлэх, оюун ухааныг нь сэргээх ач холбогдолтой юм. Өнөөгийн залуусын 70 хувь нь Facebook, twitter ашиглагдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс online ертөнцөөр дамжуулан тэдэнд спиртыг бус, спортыг дэмжих ухамсрыг суулгах үүднээс “Баарлуу биш заалруу”, “Спортлог залуус”, “Шинэ үе спортыг сонгож байна”, “И биш О”-г сонгоё зэрэг олон уриалгуудыг гаргаж байсан. Мөн спортод амжилт гаргасан, хүүхэд залуусын үлгэр дууриал болсон спортын алдартнуудыг урьж архинаас татгалзаж, спортыг сонгох хэрэгтэйг ойлгуулсан лекцүүдийг зохион байгуулж байв. Тэгвэл 2014 оны “Спирт үү, спорт уу” аян сүр дуулиантайгаар ирэх 5-р сарын 3-ны өдөр нээлтээ Монгол орон даяар хийх гэж байна.
Энэ өдөр ETV телевизтэй хамртан “FIFA World cup 2014” нээлтээ хамт хийх бөгөөд спортын олон арга хэмжээнүүд Чингисийн талбайд зохион байгуулагдах юм. Энэ жилийн “Спирт үү, спорт уу”-ын онцлог нь Монгол орон даяар нэгэн зэрэг нээлт хийх бөгөөд аймаг, сумдын залуучууд энэхүү арга хэмжээнд бүгд нэгдсэн явдал байлаа. Өнөөдрөөс Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо аяны нээлтийн бэлтгэл ажилдаа орсон бөгөөд залуучуудаа эрүүл идэвхитэй амьдралд уриалж, спирт биш спортыг дэмжиж өглөө бүр гүйх аян эхлүүлжээ.