Зам тээврийн ослын улмаас жил бүр 500 орчим хүн алтан амиа алдаж, тэдний ар гэр, дотны найз нөхөд гэсэн олон мянган хүн шаналж, амьдралын хатууг зүхсээр монголчууд бид олон жилийг ардаа үдлээ.

Нэг өдрийн замыг богино хугацаанд туулахын тулд их хурдтайгаар явсаныхаа харгайгаар нэг насныхаа амьдралыг үгүй хийсээр удлаа. Өөрсдийн тоомжиргүй, хэнэггүй байдлаасаа болж олон иргэн, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж олон бяцхан үр зам тээврийн ослоор хорвоог орхиж байгаа тухай мэдээг бид өдөр бүр сонсож байгаа ч айж сандрахаа больсны учир юу вэ. Заавал өөрсдийн биеэр амсаж байж бид үүнийг ухаарах ёстой гэж үү. 

Энэ сарын 20-ны байдлаар  зам тээврийн ослоор 220 хүн амиа алдсаны 34 нь хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж онхолдох үед хамгаалалтын бүс зүүгээгүй, хамгаалалтын суудалд суугаагүйгээс цонхоор шидэгдэж нас баржээ. Үүнээс гадна жолооч эсвэл эцэг эх нь зогсоолоос хөдлөхдөө машинаа тойрч шалгаагүйгээс ойр орчимд байсан хүүхдийг дайрч, нас барсан зургаан тохиолдол гарчээ. 

 

Сүүлийн дөрвөн жилийн статистикаас үзвэл  зам тээврийн ослын улмаас  манай улсад жилд дунджаар 500 хүн амь насаа алдаж байгаагийн 98 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болж байна. Тодруулбал, хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгалгүй замд гарах, согтуугаар жолоодох,  гэрэл шилжүүлэхгүй явах зэргээс үүдэлтэйгээр ноцтой осол ар араасаа гарсаар байна. Энэ талаар Тээврийн цагдаагиийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн алхах  мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатар “Орон нутгийн замд гарсан ослын дийлэнх нь онхолдсон байдалтай байдаг. Автомашин зорчиж явсан замаасаа гарч 50-100 метр хүртэлх газарт өнхөрч, шидэгдэн нүд хальтрам болсон байдгийн шалтгаан нь хурд юм.

Мөн автомашиныхаа даацыг хэтрүүлэн суудлын тооноос олон хүн, ачаа хэтрүүлэн тээвэрлэж явах нь автомашины хүндийн төвийг дээш шилжүүлж, жолооны хүрдийг огцом дарах агшинд бүх зүйл хормын дотор аюултай байдлаар солигдож, хамгаалах бүсээ зүүгээгүй зорчигчид автомашины хаалганы цонхоор шидэгдэж амь нас нь хохирдог. Хамгаалалтын бүс зүүснээр цагдаад ашигтай мэтээр бодож шалган нэвтрүүлэх хэсэг дөхөхөөр  зүүгээд, 100 хүрэхгүй метр өнгөрөөд тайлчихдаг. Хэдийгээр жолоочийн буруутай үйлдэл гэх боловч хамт зорчиж яваа иргэд мэдсээр байж нэгэндээ сануулдаггүй. Арын суудлын зорчигчид бүсээ зүүхгүй, зориулалтаас нь олон хүн суух, жижиг оврын машинд даац хэтрүүлж ачаа ачих нь ослын улмаас учрах хохирол, гэмтлийг нэмэгдүүлдэг” гэж байлаа. 

Зам тээврийн ослын 60 орчим хувь нь аялал, жуулчлал, амралт зугаалгын үетэй давхцаж зургаагаас есдүгээр сарын хооронд гардаг.  Тухайлбал, өнгөрсөн оны баяр наадмын өдрүүдээр зам тээврийн ослоор 23 хүний амь эрсэдсэн бол  энэ жил 25 хүн амь насаа алдаад байна. Иргэд аялал зугаалгад гарахаасаа өмнө автомашинаа оношилгоонд оруулж хянуулах нь эрсдэлийг бууруулдаг. Учир нь гэрлийн ламп тодорхой хугацааны дараа чадал нь буурч шатах зэрэг өөрчлөлтөөс болж үзэгдэх зам орчноо муу харж осол гаргадаг. Мөн тормосын үйл ажиллагаа гацаж, хурдтай явах үед зогсож чадахгүй байх нь  машин онхолдож ноцтой осол гарах голлох шалтгаан юм. Түүнчлэн хөдөө хээр олон хоног, шавар шавхайтай хол зам туулсан машинууд шил, цонх, толио арчаагүй гэсэн хайхрамжгүй алдаанаас болж осол гарах нь ч бий. 

Энэ төрлийн ослыг бууруулахын тулд Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яахав дээ” аянг “Орон нутгийн хөдөлгөөний соёл-2020" уриан дор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Аян энэ сарын 1-нээс аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд 21 аймгийн цагдаагийн байгууллага хамтран ажиллаж, 24 цагаар хяналт тавьж байна. Тухайн хот, суурингаар гарч орж байгаа бүх тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, жолооч зорчигчдод шаардлага зөвлөмж өгч, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах гэсэн арга хэмжээг авч байна. 

Цагдаагийн байгууллагынхан  иргэн таны сайн сайхны төлөө ийн ажиллаж байхад жолооч, зорчигчид хяналтын цэгийг өнгөрөөд хамгаалалтын бүсээ тайлах, хурд хэтрүүлэх зэргээс үүдэн осол гарсаар байна. Тиймээс иргэд хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Холын замд явахдаа иргэд өөртөө болон бусдад шаардлага тавьж, эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулж замын хөдөлгөөнд соёлтой оролцож, амь насаа хамгаалахыг хүсч байна. Эцэг таны тоомжиргүй зангийн золиос нь хүүхэд байх ёсгүй.

 

Б.Мөнхчимэг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин