Хятад мотоцикль, хуучин дугуй, стандартын бус замын асуудалд анхаарна
2014/04/13
МХЕГ, Зам, тээврийн яамтай 2014 онд хамтран ажиллах хүрээнд авто тээвэр, авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарын чиглэлээр хамтарсан хяналт шалгалт хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сургалт семинар зохион байгуулан явуулах, гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг нийт 20 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулж, баталлаа.
МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх “Өмнөх жилүүдэд ЗТЯ-тай хамгийн олон ажлыг төлөвлөн, хамтарч хийсэн. Энэ эрчээрээ 2014 ондоо ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ онд 20-иод ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Хятад мотоцикль, хуучин дугуй, стандартын бус автозамын асуудал. Хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн аюулгүй зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллана” гэсэн юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жил Улсын төсөв, Хөгжлийн банкны болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр Өвөрхангай, Говь-Алтай, Хөвсгөл, Завхан, Дундговь, Өмнөговь аймгийн нутагт шинээр баригдаж буй авто замын барилга угсралтын ажилд Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвтэй хамтран шалгалтыг гүйцэтгэжээ. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний их эрсдэлтэй долоон аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн засвар үйлчилгээний байр, ил, далд авто зогсоол, 151 тээврийн хэрэгсэл,175 жолооч,17 инженер техникийн ажилтны үйл ажиллагаанд ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын мөрдөлтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчдын хамтарсан шийдвэрүүдийг гаргаж зөрчлийг арилгуулж ажилласан байна.