Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай хэлтэст иргэн, аж ахуйн нэгжээс өчигдөр 146 зам тээврийн ослын шинжтэй дуудлага ирүүлжээ. 

Зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэжээ. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг хээтэй хорооллын 4/3 дугаар байрны арын замд “Toyota-Prius” маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 6 настай, эмэгтэй, хүүхдийг мөргөж амь насыг хохироосон байна. 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 69 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авсан байна. 

Иймд явган зорчигч та бүхэн Замын хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр гарах, эцэг эх, асран хамгаалагч 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

 

Б.Содгэрэл

Эх сурвалж: Монцамэ агентлаг