ЕБС болон цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болсон. Энэ хүрээнд цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар БШУЯ-ны СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл хийлээ.  

Тэрээр "Цэцэрлэгийн элсэлт, бүртгэл үргэлжилж байна. Улсын хэмжээнд 3-5 насны 232435 хүүхэд байгаагаас 85.7 хувийг нь цэцэрлэгт хамруулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1449 цэцэрлэг ажиллах урьдчилсан дүн гарсан. Тухайлбал, 10 байгууллага дэргэдээ цэцэрлэг нээж 550 хүүхэд аав ээжийнхээ ажилд ойрхон цэцэрлэгт хамрагдах боломжоор хангагдсан.  Мөн найман хувийн цэцэрлэг шинээр байгуулагдаж, хүүхдүүдээ авах бэлтгэлээ хангаж байна. Улирлын томуугийн дэгдэлт эхэлж байгаа учраас хүүхдийнхээ дархлааг дэмжихэд анхаарах хэрэгтэй. БШУ-ны сайдын тушаалаар ханиад хүрсэн, халуунтай хүүхдийг ангид хүлээж авахгүй. Тиймээс эцэг эхчүүддээ хандаж, хүүхдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхаараарай гэж зөвлөмөөр байна" гэлээ.