Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс онцгой дэглэм тогтоож, зарим газарт хөл хорио тогтоогоод буй. Энэ дагуу УИХ-ын чуулганы үйл явдлыг сурвалжлах эрхтэй сэтгүүлчдийг төрийн ордонд мэдээлэл бэлтгэхэд тодорхой хил тогтоож, төрийн ордонд бүтэн нэвтрүүлэхгүй байгаа юм. 

Тэгвэл энэ иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэн өнөөдөр парламентын сэтгүүлчид нэгдэж “парламентын үйл ажиллагааг чөлөөтэй сурвалжлах боломжийг олгох”-ыг шаардаж, төрийн ордон дотор эсэргүүцлээ илэрхийллээ. 

Ковид19 цар тахлын хөл хорионы хүрээнд төрийн ордонд сэтгүүлчдийн эрхийг хязгаарлаад хагас жил болж байна. Энэ хөл хориог УИХ-ын гишүүд хүртэл дагаж байгаа юм чинь гээд сэтгүүлчид дагахаас аргагүй гэж ойлгосон. Гэтэл сүүлдээ гишүүд сайд нар амны хаалт зүүх нь байтугай гар хөлөө барьж, наалдаж суучихаад тэврэлдэж үнсэлдээд байгаа нь хэвлэлийнхнийг гайхшруулсан. Тэгсэн мөртөө сэтгүүлчдийг ордны хойд буланд шахаж хорьчихоод ярилцлага авах боломжийг хаачихаад байгаа учир бид иргэдийн мэдэх эрхийн төлөө эсэргүүцлээ илэрхийлэхээс аргагүй боллоо хэмээн 25 телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул үзэл бодлоо илэрхийлжээ.