Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сард 9.6 их наяд төгрөг болж өмнөх оныхтой харьцуулахад 2.2 их наяд төгрөгөөр буурлаа гэж Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрлэл 2.2 их наяд төгрөгөөр багассан нь шууд нөлөө үзүүлсэн байна. 

Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдал, ялангуяа БНХАУ-ын худалдан авалт, үйлдвэрлэлттэй шууд холбоотойгоор унаж өсдөг салбар бол уул уурхай. Тэр дундаа нүүрс олборлолтын хэмжээ шууд хамааралтай байгаа нь ингэж буурахад нөлөөлж байна. Тодруулбал, энэ оны эхний найман сард уул уурхайн, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 6.4 их наяд болсон нь өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Үүнээс нүүрс олборлолт хамгийн өндөр буюу 2.1 их наяд төгрөгөөр буурсан бол газрын тос олборлолт 473.6 тэрбум төгрөгөөс багасчээ. 

Үйлдвэрлэлийн хэмжээ ийнхүү багассантай холбоотойгоор борлуулалтын хэмжээ ч буурсан. Тухайлбал, уул уурхай, олборлох, аж үйлдвэрийн салбарын борлуулалтын бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр буурахад нүүрсний борлуулалт 2.1 их наяд төгрөгөөр, газрын тосны борлуулалт 450.4 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлжээ. 

Нийт борлуулсан бүтээгдэхүүний 5.9 их наяд төгрөг буюу 54.4 хувийг гадаад зах борлуулснаас 82.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 69.1 хувийг металлын хүдэр, 24.6 хувийг нүүрс, 3.8 хувийг газрын тос, 2.4 хувийг бусад ашигт малтмал эзэлж байгаа аж. 

 

Харин энэ хугацаанд олборлолт, борлуулалт нь багагүй хувиар өссөн салбарууд бас байна. Дэлхийн зах зээлд ханш нь харьцангуй тогтвортой байгаа төмрийн хүдэр, цар тахал гарснаас хойш тасралтгүй үнэ нь өсч түүхэн дээд хэмжээг тогтоогоод амжсан алтны олборлолт өмнөх оны мөн үеэс 3.9-33.2 хувиар өссөн байна. Бусад салбарын хувьд цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 63.6 тэрбум төгрөгөөр өсчээ. 

 

 

Б.Төгс

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин