Үндэсний номын баяр 28 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриатайгаар есдүгээр сарын 18-20-нд болох юм. Мөн Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор есдүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор орон нутаг, дүүргүүдийг хамруулах зохион байгуулахаар төлөвлөжээ.

Номын баярын албан ёсны нээлт есдүгээр сарын 19-ний 11:00 цагт улс даяар нэгэн зэрэг болох бөгөөд “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага, номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу, "Ном бид 2" бүх нийтийн хөдөлгөөн, “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, номын баатруудын театрчилсан тоглолтыг зохион байгуулна.

Үүнээс гадна харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ үзүүлэх, ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаануудыг хийх аж.