Хү-кийн Засгийн газрын сайд нар хавтаст хэрэг задалж, хүн яллах эрхтэй юү
2020/09/29
Монголын нийгэм охидод үнэхээр харгис байна. Есөн настай охин зуурдаар амиа алдсанд хэлэх үг олдохгүй нь. Ийм хүчирхийлэл эргэн тойронд чинь одоо ч байгаа.
Үүнээс сэрэмжил. Хий дэмий хийрхэцгээх яах вэ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар албан өрөөнөөсөө энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хэргийн мөрдөн байцаалтыг цагдаатай хамт хийж байгаа бололтой. Тэгж л уншигдлаа. Тийм болохоор сайд Х.Нямбаатар та зогс! Хууль зүйн сайд хавтаст хэрэг ярьж болохгүй. Хуулиар хориотой. Аль ч улс оронд Шүүхээр тогтоогдсоны дараа хэргийн талаар мэдээлэл өгдөг. Үүнийг Ц.Нямдоржийн хэлснээр хуулийн ТМС төгссөн гэх Х.Нямбаатар мэддэггүй юм уу.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ярьсныг хүргэе. “Есөн настай охин амь насаа алдсан хэргийг Нийслэлийн цагдаагийн газар шалгаж байна. Өглөө 8 цагт хэрэг үйлдэгдсэн байна. Хэрэг гарах үед охины ээж нь гэртээ унтаж байсан учир хараагүй гэж мэдүүлсэн. Хэрэг үйлдсэн этгээд “Би нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн” гэж мэдүүлсэн. Хамгийн ноцтой нь охины хавирга хоёр талдаа хугаралттай, бороолсон гэсэн Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт гарсан. Нэг талдаа таван хавирга нь хугарсан. Нөгөө талдаа зургаан хавирга хугарчээ. Энэ нь хоёр сарын өмнө хугарсан болох нь тогтоогдсон. Тухайн нийтийн байрны эзэд хэрэг үйлдсэн этгээдийн хүчирхийлэл үйлддэг байсныг урьд нь мэддэг байсан ч цагдаад хэлдэггүй байж. Ийм ноцтой хэрэгт хатуу шийтгэл оноох ёстой...” гэхчлэн хавтас хэрэг дэх анхны мэдүүлгээс авахуулаад хамгийн сүүлд юу ярьсныг нь хүртэл хэлж өглөө. Тэгээд ч зогсохгүй “Хатуу шийтгэл оногдуулах ёстой” гээд яллах дүгнэлтийг нь бараг уншиж байна. ХЗДХ-ийн сайдын эдгээр үгс Шүүхийн шийдвэрт нөлөөлнө. Түүний энэ хууль зөрчсөн үг үйлдэл хүмүүст таалагдаж болно. Гэхдээ ард түмэнд таалагдах гэж хууль зөрчиж болохгүй. Хэдхэн сарын өмнө Эрүүгийн хуульд 14 настай охинтой тохиролцож бэлгийн ажил хийсэн бол хууль зөрчсөн болохгүй гэсэн нэмэлт заалт оруулж байсан Х.Нямбаатар өнөөдөр Хууль зүйн сайд болчихоод өрөөндөө хавтаст хэрэг задлаад ярьж байгаа нь Монголын төр, Засгийн газар гажуудсаны тод илрэл мөн.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад эрх мэдэл олгосон. Гэхдээ ийм эрх мэдэл олгоогүй. Энэ байдлаараа Ерөнхий сайдад олгосон жаахан эрх мэдлийг сайд нар нь шүүрч аваад, өөрийн болгоод, хэтрүүлэн хэрэглэх юм байна. Цаашид Х.Нямбаатар ямар ч хэргийг мөрдөн байцаалтын шатнаас нь татаж авч өрөөндөө дэлгэж байгаад нийгэмд мэдээлэх нь. Хэрэг үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэгтний гэрэл зураг нийгэмд гэрлийн хурдаар цацагдсан нь үүнтэй ч холбоотой байх. Охины хойд эцэг гэгчийн бүх баримт нотолгоог Шүүх тогтооно. Шүүхээс “Энэ хүн охины хойд эцэг мөн үү” гэдгээс ажлаа эхэлнэ. Хойд эцэг нь албан ёсоор мөн үү, эсвэл хамтран амьдрагч уу, хааяа нэг ирж очдог гэмт хэрэгтэн байв уу. Ээжид нь яаж ханддаг байв... гээд маш олон асуудал бий. Одоо бол хуулийн зүйл заалтаараа тэр сэжигтэн. Сэжигтэн байх хугацаандаа тэр нөхөр нийгэмд ад үзэгдэн амь насаа алдвал яах вэ. Өнөөдөр бол бүх хүн “Хохь чинь” гэж хэлэх байх. Гэтэл тэр нөхөр цаана нь маш олон хүчирхийллийн хэргийн үйлдэгч байсан бол яах вэ. Аливаа гэмт хэрэг маш олон асуултын тэмдэгт үнэн бодит хариулт өгснөөр эцэслэгддэг. Гэтэл энэ хэргийг эхлэл дээр нь Монголын нийгмийн сэтгэл зүй, ХЗДХ-ийн сайдтайгаа хамтраад булшлах гэж байна. Болоогүй, тогт, одоо л эхэлж байна. Ямар ч байсан охинд халдсан гэж хэргээ эхний байдлаар хүлээгээд байгаа тэр нөхрийг юу ч үлдээлгүй уудлан шалга. Замын-Үүдэд алга болсон Сэржмядаг охиныг ард түмэн эргэн санатал эцэслэн шалга. Баримт нотолгоо хангалттай ол. Монголчууд туйлширч чаддаг ард түмэн. Туйлшрал бүрийн ард тулширсан асуудлаас нь том аймшигт хэргүүд далдлагдаж үлддэг амьдралын үнэн бий...
Үнэнийг олохын төлөө үргэлж хууль хүчний байгууллагын хаалга сахиж, бодит мэдээлэл авахыг эрмэлзэж явдаг бүх сэтгүүлчдэд хүчнийхний хэлдэг ганцхан үг бий. Тэр нь “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас нэг ч үг хэлж болохгүй. Хэлвэл хууль зөрчнө” гэж. Тэгвэл ХЗДХ-ийн сайдад хууль хамаагүй байдаг юм уу. Цагдаагийн байгууллагаас асууя, ХЗДХ-ийн сайд бол мөрдөн байцаалтын протоколыг уншиж, түүнийгээ нийгэмд зарлаж болдог, харин сэтгүүлчид болдоггүй юм уу.
Энэ талаарх хуулийн зүйл заалтыг олон нийтэд зарлаад өгөөч, сайд дарга нар мөрдөн байцаалттай танилцаж болно, бусад хүн болохгүй гэсэн хуулийн заалтыг...
Ийнхүү Гүйцэтгэх засаглал дотроо Хууль тогтоох, Шүүх засаглал хоёр нь уусчихсан, холилдчихсон жишээ Хү-кийн Засгийн газрын гишүүдээс цаашид гарсаар, үргэлжилсээр байх бололтой. Сая ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бас л өөрийг нь тагнаж, чагнасан талаар хавтаст хэрэг яриад эхэллээ. Тэрээр “Над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан талаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл өгсөн. Тусгай хяналтын дэд хороо прокурор руу шилжүүлсэн. Холбогдох байгууллагуудад нь шалгалт хийгээд явж байна. Эрдэнэтийн 49 хувийн процесс явж байх үед гаднаас удаа дараа шаардлага тавьж байсан. Би тэр шаардлагыг хүлээж авах боломжгүй. Намайг уулзалт хийж байхад хүн дагасан, тоног төхөөрөмж суурилуулах, орсон газрын бичлэгийг авах гэж санаархсан байна. Мөн миний эргэн тойронд ажилладаг хүмүүс, туслахын утсанд чагнах төхөөрөмж суурилуулсан байж болох нөхцөл тогтоогдсон. Одоо би чагнаж байгаа гэж бодоод утсаар ярьж чадахаа байсан. Намайг тагнаж, чагнасан хангалттай нотлох баримт байна. Тиймээс тогтоогдох ёстой гэж үзэж байгаа. Хэрэв энэ хэрэг замхарвал хууль хяналтын байгууллагын шалгаж байгаа хүмүүс хамжигч гэж үзнэ. Арваад материал тогтоогдсон байгаа. Эхний байдлаар тогтоогдсон гэж үзсэн учраас ТЕГ-ын удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж үзэж болно. Намайг тагнаж, чагнахад оролцсон ТЕГ-ын 11 хүний нэрийг би өгсөн. Ер нь бол ТЕГ-аас Засгийн газрын эсрэг ажилласан байна. Энэ бол Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний асуудал биш юм. Тэгэхээр хатуу хариуцлага яригдах ёстой...” гэхчлэн яах аргагүй мөрдөн шалгах ажиллагааны процессыг ярьсан байгаа биз.
Х.Нямбаатарт хэлснийг дахиад хэлье. Наадхыг чинь Шүүх тогтоодоггүй юм уу. Ямар хуулийн хариуцлага хүлээлгэхээ Шүүх засаглал шийддэг юм биш үү. Эсвэл Шүүх эрх мэдлийн байгууллага Монголд байхгүй болчихсон юм уу. Өнөөх мөрдөн байцаалтын нууц гэх хуулийн зүйл заалтыг устгачихсан юм уу. Эсвэл ард түмэн мэдээгүй байтал ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд хоёр нь яллах эрхтэй болчихсон яваа юм уу. Энэ хоёр сайдын чинь үг, үйлдлээр бол Монголд Шүүх засаглал байх хэрэггүй болчихсон юм биш үү. Энэ хоёрт ийм том эрх мэдлийг хэн өгөв. Эсвэл ийм эрхгүй, ингэх үүрэггүй мөртлөө энэ хоёр сайд чинь Үндсэн хууль зөрчиж данхалзаад байгаа юм уу. Хэрэв тийм бол даруйхан энэ хоёр сайдаа шалгаж эхлээч. Хэрэвзээ хэн нэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага энэ хоёр сайд шиг ингэж хавтаст хэрэг зарлаад, яллах дүгнэлт ярьсан бол аль хэдийнэ хүчнийхэн давхиж ирээд дүүжилчихсэн байгаа шүү дээ.
Үнэнийг л хэлье, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр өрөөнөөсөө хавтаст хэрэг задалж байна. Маргааш өрөөнөөсөө Шүүхийн тогтоол унших нь байна шүү...
Б.НЯМАА
Зочин · 2020/10/05
толгойгүй төрд хүссэн болгоноо л хийнэ шүү дээ
АРАЙ АРАЙ · 2020/10/05
АРАЙ АРАЙ ДААНЧ ДЭЭ ХЭЛЭХ ҮГ АЛГА ДОО
Гарц · 2020/10/02
Эр хүчирхийлэгчдийг ямар төрлийн хүчирхийлэл үйлдсэнээс нь үл хамааралтай эм гормоноор тарьдаг хуулийн заалт оруулчихал даа. Тэгээд яахыг нь харъя. Хамгийн хямдхан, их үр дүнтэй арга хэмжээ болно. Бид байтугай АРДЧИЛСАН АНУ, Орос, Хятад, Англи ийм хуультай шүү дээ.
МАН-ын өмхий махнууд · 2020/10/01
МАН-ын өмхий махнууд дотор боловсролтой улс тун ч цөөхөн дөө..
уншигч · 2020/10/01
оюунэрдэнэ чинь их хурал дээр хүртэл чамайг яллана гэх ухааны юм яриад байдаг билүү их ойворгон хүн юм аа
Зочин · 2020/09/29
Зочин · 2020/09/29
МОНГОЛД ХУУЛЬ ГЭЖ БАЙХГҮЙГ МАН ӨӨРӨӨ ОРОЙЛОН ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ..ТА БИДНИЙ СОНГОЛТ ...