Монголчууд хажиг юм. Өөр үндэстэнд дургүй. Тэгсэн хэрнээ өөрсдөдөө бас дургүй. Даргадаа, захиралдаа, эзэндээ таатай ханддаг монгол гэж байдаг юм уу. Өөрийнхөндөө дургүй, өрөөл бусдад дургүй монголчууд тэгээд яаж хөгжих юм бол.

Бидний хөгжлийн хурд яст мэлхийнийх шиг байгаа шалтгаан ердөө энэ. Дэлхийд ажилсагаараа оройд нь гарсан хятадуудыг бид нэг нүдээрээ үздэггүй. Монголчууд коммунист үзэл суртлын үрээр оросуудад гайгүй ханддаг байсан ч одоо тэднийг хажиглах болсон. “Орос ах нар гэж юу байсан юм” гэх хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Лавтай хоёр хөршөө ийнхүү хажигладаг болсон. Бодит байдал дээрээ Өмнөд монголчуудаа ч бид хажиглаж, элдэв нэр хоч өгдөг шүү дээ. Бидний мах цусны тасархайнууд гэж тэдэнд сэтгэлээсээ ханддаг төв монгол хүн ер нь байдаг юм уу.

Энэ бүх хандлагаа өөрчлөх цаг одоо болжээ. Хавь ойрын бүхнээ хажиглаж явдгаа одоо больё. Хар бор ажлаа өөрсдөө хийж чадахгүй нь нэгэнт тодорхойгоос хойш одоо хажиг ярдаг зангаа татаж өөр үндэстнүүдийг эх орондоо авчирч ажиллуулъя. Амтай болгон шүүмжилж байгаа Дарханы замаа харчих. Аль хэдүйн хятад ажилчид оруулж ирээд ажиллуулсан бол одоо ашиглалтад орчих байлаа. Гэтэл тэднийг хичнээн их хажиглав. Үр дүнд нь тэр зам дээр өнөөдөр хичнээн монгол иргэн амь насаа алдаж, хичнээн их машин техникээ эвдэн, эдийн засгийн хохирол амсаж байна вэ. Дарханы зам хөгжлийн нэг хурдасгуур мөн биз дээ. Монголын худалдааны хойд бүсийн гол зам. Евроазийг холбосон авто замын гол сүлжээ. Аялал жуулчлал, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чухал дэд бүтэц шүү дээ. Дарханы зам ашиглалтад ороогүйгээс эдийн засгийн цусны эргэлт хичнээн их саарсаныг, тоон дүнгээр гаргавал хажиг монголчууд маш их хохирсон тоо гарах нь тодорхой. Энэ мэтээр бидний хохирохгүй байж болох үндсэн шалтгаанууд ийм л энгийн, ерөөсөө хажиг монгол зан юм.

Одоо тэгээд яах ёстой юм. Нөгөөх л өөрсдөө л хийе, үндэсний ажиллах хүчин, үндэсний компаниудаа хөгжүүлье гэдэг улигт үгээ ярьцгаасаар суух уу. Ингэж яриад чадаж байгаа юм алга. Соц нийгмээс угшилтай нэгэн сэтгэлгээ монголчуудын оюун санаанд оршсоор байгаа нь Эзэн-Боолын гэх үхширмэл сэтгэлгээ. Монгол хүн хэн нэг монгол хүний удирдлагад ажиллахаараа сэтгэлдээ “Энэ муу хулгайчид би ингэж зарагдаж явах гэж” хэмээн зүхдэг. Эзнийхээ эдэлж хэрэглэж байгааг хараад “Энэ муу хулгайч шиг би яаж ийм баян болох вэ” гэж байнга хорсож явдаг. Гэтэл манайхаас өөр үндэстнүүд болохоор “Энэ машиныг авахын тулд, ийм гоё байранд амьдрахын тулд хэрхэн хөдөлмөрлөсөн бол. Би яг түүн шиг хөдөлмөрлөж байж ийм баян болно” гэж боддог.

Ийм л хөгийн зан суртахуунаасаа болж монголчууд нийтээрээ монгол хүндээ, монгол компанидаа чин сэтгэлээсээ ажиллах дургүй. Ялангуяа бидний хэлж ярьж заншсан хар бор гэгдэх ажлыг хийх ясны дургүй. Дэлхийн хөгжсөн орны том бүтээн байгуулалт бүхэн, хөгжлийн түлхүүр нь болсон үйлдвэрлэлийн бааз сууриуд нь хар бор гэж хэлэх хөдөлмөрийн зах зээл байдаг. Тэд аварга том барилга байгууламжууд, машин техник, зам гүүр, усан тээвэр, онгоц, уул уурхай... тэр чигээрээ хөдөлмөрчин ард түмнийх нь нуруун дээр явж байдаг. Харамсалтай нь тийм хөдөлмөрчин анги Монголын нийгэмд алга болчихлоо. Энэ хэвээр цааш үргэлжилбэл жишээ нь Монголын хөдөө эзгүйрэх нь мадаггүй үнэн болсон. Яагаад гэвэл малчдын дунд Эзэн-Боол гэх үхширсэн сэтгэлгээ хэрээс хэтэрсэн. Манайхаас 100 эм хонь авч төллүүлээд 50 хургыг нь өөртөө авч өсгө гэж дэлхийд байхгүй гоё нөхцөлийг хэн нэгэнд хэлэхэд “Би тэгж боол чинь болохгүй” гээд авгай хүүхдээ чирч ирээд нийслэлийнхээ гэр хороололд хэвтчихдэг. Угтаа тавхан жилийн дотор дэлхийн дундаж иргэний амьдралд хүрч болох тийм гайхамшигтай боломж шүү дээ. Хятад хүнд ийм нөхцөл тавибал ямар ч эргэлзээгүйгээр тэд саятан болох замдаа орно. Ийм л өчүүхэн мунхаг сэтгэлгээнээсээ болж монголчууд бид ойрын 30 жилдээ салахгүй нь гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Монголчууд бусад үндэстнийг хар. Хятад хүн нэг юанийн төлөө хэний ч өмнө бөхийдөг. Солонгос хүн нэг вонийн төлөө хэний ч өмнө сөхөрч чадна. Япон хүн аяга будааны төлөө дайтаж ирсэн ард түмэн. Харин монгол хүн сая төгрөг өгье гэсэн хүний өөдөөс “хуц” гэдэг. Ийм өөдгүй хэрнээ таныг, танай улс орныг хөгжил цэцэглэлтэд хүргэхийн төлөө хөдөлмөрлөе гээд ирж буй бусад үндэстнийг хажиглаж хайрсаар байна. Ийм л өдөр шөнө шиг ялгаатай явж ирлээ. Америкчууд өнөөдрийг хүртэл хар бор ажлаа харуудаар, мексикчүүдээр хийлгэж байна. Япончууд хар бор ажлуудаа вьетнам, филиппинчүүдээр хийлгээд сууж байна. Солонгосчууд хар бор ажлаа өнөө хажиг ярдаг монголчуудаар хийлгээд сууж байгаа нь ямар уу. Чадахгүй байж хажиг сэхүүн зантай монголчууд өчүүхэн муухай, үндэстнээ боддоггүй сэтгэхүйгээсээ болж харь улсад зарагдаад сууж байна. Нэг үеэ бодвол басчиг хөдөлмөрлөж буй монгол хүн Солонгост олж буй мөнгийг эх орондоо олох боломжтой болсон шүү. Ганцхан монгол хүн, монгол хүнийхээ удирдлагад ажиллах дургүй сэтгэлгээнээс болж бид бусад улсад жинхэнэ утгаараа боолын хөдөлмөр эрхэлж, харь орны хөгжилд хувь нэмрээ оруулаад явж байна.

Хөгжлийн өндөр эрэмбэнд очсон улс орны нийгэмд л соёолдог инноваци, хөгжлийн элдэв хурдасгуурын тухай бид их ярих болсон нь өнөөдөртөө бол хөрсөн дээрээ буугаагүй хийрхэл. Тэр бүх тэнгэрийн ярианууд чинь биднээс холхон байна. Эхлээд бохир дотроо живж буй гэр хорооллоо орон сууцжуулъя. Төмөр замаа тавья. Хотын түгжрэлээ арилгая... гэхчлэн маш олон хар бороор хийх ажлууд байна. Мэдээж технологийн дэвшлийг ашиглана. Бүгдээрээ хээнцэр тансаг оффист суугаад энэ улсыг хөгжүүлэхгүй. Энэ ажлыг монголчууд бид хийхгүй нь тодорхой. Хийхийг нь хүлээгээд, бие биенээ шүүмжлээд суувал хэдэн арван жил болохыг судлаачид хэлж байна. Тэгэхээр тэр хятадуудыг, вьетнамчуудыг... олноор нь Монголд оруулж ирье. Хятад, вьетнам таунуудыг олноор нь байгуулъя. Гараар, биеийн хүчээр хийх ажлын бүх байрыг тэдэнд өгье. Тэгж байж энэ улсад чинь бүтээн байгуулалтууд дорвитой, хурдтай хийгдэх юм байна. Хэний ч нүдэн дээр Монгол Улс өсч өндийх юм байна. Малаа ч тэднээр хариулуулъя. Тус тусад нь хятад, вьетнам хорооллуудыг байгуулж, тэдэнд зориулсан суурьшлын бүс, засаг захиргааны нэгжүүдийг байгуулж, захирагчаар нь дарга болох хүсэлтэй энэ олон монголчуудыг тавья. Ажлын албанд нь монголчуудыг бас тавина. Тэд конторт сууна. Ингэхээр монголчууд бүгдээрээ дарга даамлууд болж, нөгөөдүүл нь хар бор ажлыг маань хийгээд, хэн хэнийх нь эрх ашиг тэнцвэржих нь. Ярдаг хажиг монголчууд яагаад ч хөгжихгүй байгаа шалтгааны учрыг ингэж нэг олъё. Хажиг зангаа татаж, хар бор ажлаа хийлгэдэг хүнтэй болцгоох нь зөв биз дээ. Та бүхэн энэ нийтлэлд санал бодлоо нэмэрлээрэй...