Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан Намын гишүүнчлэлээ сэргээхээр тун удахгүй хандах гэж буй ажээ.

Тэрээр Монголын Ардчилсан Холбооны Дарга, МҮАН-ын тэргүүн, Ардчилсан Намын даргаар ажиллаж байсны хувьд АН-д өнөөдөр тулгараад буй уналтын тухайд ч байр сууриа илэрхийлсэн байна.

Сонирхолтой нь тэрээр АН-ыг үндэсний ардчилсан хэв шинжээ илүү тодотгох ёстой гэдгээс тэс өөр буюу харин ч либерал байр суурин дээрээ л хатуу зогсох ёстой гэж бодож буй аж.

Тодруулбал тэрээр: " Өнөөдөр Ардчилсан Нам бид нар буурин дээрээ эргэж ирэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл ургасан яг тэр үндсэн дээрээ. Тэгэхээр бидний баримталдаг гол үзэл баримтлал юу вэ? гэхээр хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх, эрх чөлөө, мөн хүнд суртлыг багасгах, төрийн дарамтыг багасгах. Энэ л үзэл санаан дээрээ эргэж ирэх хэрэгтэй. Энэ буурин дээрээ эргэж ирж гэмээн дараа нь намын сэргэлтийн асуудлаа ярих ёстой. АН-д хийх ёстой хоёр суурь шинэчлэл байгаа болов уу? 1-т үзэл санааны хувьд яг үндсэн байр суурин дээрээ буух 2-т дүрэм, журмын шинэчлэл. Дүрэм журмаараа бол дэлхийн жишиг, бүр тодруулбал Европын загвараар хөгжих" гэжээ.

Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээснийхээ дараа намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бололтой.

сонин.мн