Монгол, Солонгос улсын дипломат харилцаа хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд өчигдөр “Миний мэдэх Солонгос орон” хүүхдийн гар урлал, уран зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунmай ярилцлаа.


-Монгол, Солонгос улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулагдаж буй хүүхдийн гар урлал, уран зургийн үзэсгэлэнг сонирхоод төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Монголын хүүхэд залуучууд Солонгос улсын тухай олон сонирхолтой зургууд зурж явуулжээ?

-Энэхүү үзэсгэлэнд нийтдээ 1200 гаруй бүтээлийг Монгол Улсын өнцөг булан бүрээс ирүүлсэн. Тооноос нь харахад л Монголын хүүхэд залуучууд Солонгос улсын талаар ямар их мэдээлэлтэй, мэдлэгтэй байдаг нь харагдаж байна. Энэ бүтээлүүдээс 300 бүтээлийг сонгон шалгаруулаад үзэсгэлэнд дэлгэн харуулсан байгаа. Бүтээлүүдийг хараад үнэхээр сэтгэл өндөр байна. Би солонгос хүн хэрнээ мэдрээгүй байсан, өмнө нь анзаарч байгаагүй Солонгосын түүх соёл, урлаг уран сайхны тухай маш нарийн мэдрэмжтэй сайн бүтээлүүдийг Монголын хүүхдүүд ирүүлжээ. Эдгээр хүүхэд залуучууд бол ирээдүйд Монгол, Солонгос хоёр улсын хамтын харилцааны хамгийн чухал түлхүүр багана нь болох байх гэж харж байна. Тэгэхээр, миний хувьд хоёр улсын хамтын ажиллагаа нэвт гэрэлтэй байна гэж найдаж байна.

Нөгөө талаар, Монгол, Солонгос улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн хамтын ажиллагааны маш чухал ач холбогдолтой жил юм. Тийм учраас ойн хүрээнд маш олон арга хэмжээг зохион байгуулахаар анх төлөвлөсөн байсан хэдий ч "Ковид-19" цар тахал гарсантай холбоотойгоор төлөвлөсөн арга хэмжээнүүдээ зохион байгуулж чадахгүй хэмжээнд хүрээд байсан. Харин сая завшаантай нь өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн Монгол Улсын засгийн газар олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн ачаар өнөөдрийн үзэсгэлэнг зохион байгуулж чадлаа.

-Хоёр улсын хамтын ажиллагаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар салбар дээр илүү өргөжиж ирсэн гэж та харж байна. Цаашид аль салбарт хамтын ажиллагаа илүү бат бөх хөгжих байх гэж бодож байна вэ?

-1990 оноос хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай хоёр улсын хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт хөгжлийн томоохон үр дүн гарсан гэж харж байгаа. Үүний тод жишээ нь хоёр улсын хоорондын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ анх хамтын ажиллагаа эхэлж байсан үетэй харьцуулахад 120 гаруй дахин өссөн. Үүнээс гадна томоохон хөгжиж ирсэн салбар бол иргэд хоорондын харилцаа юм. Одоо жилд хоёр улсын хооронд 220 мянган хүн харилцан зорчих хэмжээнд өргөжин хөгжжээ. Хоёр орны хооронд ижил төстэй олон талууд бий. Үүн дээрээ түшиглээд цаашид хамтын ажиллагаа соёлын харилцаан дээр илүү хөгжих болов уу гэж харж байгаа.

-Хоёр орны дунд визгүй зорчих тухай асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдсөөр ирсэн. Энэ асуудал цаашид хэрхэн шийдэгдэх бол?

-Хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих энэ асуудал бол манай хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн чухал асуудлын нэг гэж тооцогддог. Гэхдээ харамсалтай нь өнөөдөр Солонгос улсад оршин сууж байгаа нийт иргэдийн 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж, Солонгос улсын хууль дүрмийг зөрчиж байгаа нь асуудал дагуулж байна. Тиймээс хоёр улсын хооронд визгүй зорчих тухай асуудлыг одоогийн нөхцөлд нэгэн зэрэг шууд шийднэ гэдэг хүндрэлтэй байна. Иймд цаашид хоёр улсын хооронд визгүй зорчих асуудлыг шат дараатай хийж хэрэгжүүлэх ёстой юм байна гэдэг ийм бодлого явж байгаа. Эхний ээлжинд Монгол Улсад зочилж ирэхийг хүсдэг, аялахыг хүсдэг солонгос иргэдийн тоо тасралтгүй өсч байна. Эдгээр солонгос хүмүүсийг визгүй зорчуулах асуудлыг шийдвэрлэсний дараа, мөн Солонгос улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо яваандаа багасаад ирэх тэр үед монгол иргэдийг Солонгос улс руу визгүй зорчуулах шат дараатай арга хэмжээг авах боломжтой гэж харж байна. Эхлээд Солонгосыг визгүй болгоод дараа нь Монголыг визгүй болгох ийм шат дараатайгаар шийдвэрлэх боломжтой юм болов уу гэж харж байна.

-Солонгос улсад визний хугацаа нь дууссан монгол иргэдийн асуудалд Солонгосын Засгийн газраас цаашид ямар бодлого баримтлах вэ?

-Солонгол улсад хууль бусаар оршин сууж байгаа монгол иргэд болон бусад гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрөгдөх хугацаа өгдөг. Хууль бусаар оршин сууж байгаа ч энэ хугацаандаа нутаг руугаа буцвал эргээд Солонгос улс руу нэвтрэх виз олгох зэрэг тодорхой хэмжээний боломжтой нөхцөлүүдийг олгодог. Хууль бусаар оршин сууж байна гэдэг бол хууль дүрэм зөрчиж байна гэсэн үг. Тийм учраас Солонгосын талаас тэр хүмүүст хяналт тавихаас өөр арга байхгүй. Мэдээж визийг мэдүүлэх шатанд тэр хүмүүс хуурамч материал бүрдүүлж өгөхгүйгээр, үнэн зөвөөр материалаа мөрдөөд, хугацаандаа эргээд ирдэг байлгахын тулд Монгол Улсын зүгээс хамтарч ажиллах, зохих арга хэрэгслийг нэвтрүүлж ажиллах нь хоёр орны үүрэг болов уу. Тэгэхээр цаашид энэ тал дээр хамтарч ажиллах байх аа гэж найдаж байна.