Гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд эмэгтэйчүүд хамгийн ихээр хохирдог.  Үүний нэг жишээ  энэ сарын 19-ний өдөр болсон байна.  БГД-ийн 13-р хороонд амьдардаг 19 настай Ц  нь дөрвөн настай дагавар охин болох Номинзулыг  зэрлэгээр зодож, хазсан хэрэг гарсан бөгөөд өнөөдөр энэ хэргийг  хуулийн дагуу шалгаж байгаа ажээ. Эрээн цоохор болтол нь бяцхан охиныг  зодсон охиныг Шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд шүүх эмнэлгийн хариу ирэх баасан гарагт гарах ажээ.Охины баруун мөр, зүүн гарыг тэр чигт нь хазаж,  нүүр нь хавдаж, нүдэнд нь цус хуртал охиныг зодсон бөгөөд  бүх бие нь эрээн алаг болтооо хөхөрсөн байна.  Сэжигтэн  үе үе архи уудаг  бөгөөд дөрвөн сартай  жирэмсэн эхнэртээ гар хүрдэг байна. Үүгээр ч зогсохгүй “миний хүүхэд биш, наадхаа авхуулаарай” гэж хэлдэг байсан бөгөөд зодсоныхоо дараа  дахиж уухгүй  гэж амалдаг байжээ.

Тэгвэл төрсөн эцэгтээ хазуулж, тарчилсан хоёр болон найман настай хүүхдүүдийн хэрэг өнөөдөр  мөн л хуулийн дагуу шалгагдаж байгаа.  Хүүхдүүдийг  ээжийнх нь хамт төрийн хамгаалалтад авсан.  Харин хүүхдүүдээ тамалсан эцэг нь  хэргийг би үйлдээгүй, ээж нь хийсэн.” хэмээн мэлзэж бүсгүйг явдал суудал ихтэй, тансаглал хэтэрсэн бүсгүй мэтээр нийгэмд харуулахыг  зорих болсон. Гэвч бодит байдал түүний ярьснаас эсрэгээр байгаа. Гурван хүүхдийн ээж өнөөдөр хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарч,  өдрийн хоолоо залгуулахын төлөө ажиллаж байгаа. Тэрбээр өөрийнх нь амссан зовлонг бүсгүйчүүд битгий амсаасай, хүүхдийг тарчлаадаг явдал үгүй болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг.

Тавхан настай Идэрээ хүү архичин эцэгтээ байнга зодуулдаг байсан бөгөөд  байдал дамжирч хүү заазуурдуулсан.  Өнөөдөр хүү ээж, дүүтэйгээ  сайан амьдарч байгаа. Гэхдээ хүүгийн сэтгэл, амьдралд арилшгүй  хар толбо үүссэн.

Дээрхи жишээнүүд зөвхөн нийгэмд ил гарсан жишээнүүд.  Үүний цаана гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн  олон хүүхэд байгаа.  Тэдгээр хүүхдүүдийн тарчилал, зовлон ямар байгааг  тааварлашгүй.  Ил, далд хэлбэртэйгээр үйлдэгдэж байгаа энэ бүх хэргүүдийн талаар  Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний газарт мэдээлэл ирсээр байгаа.  Тэд яагаад хохирогчдийн төлөө ажилахгүй байна вэ? Хүүхдийн төлөө үндэсний газар  гэгч сүржин нэртэй даржин үйл ажиллагаатай энэ байгууллага яагаад өнөөдөр  дуугарахгүй байна вэ?  

Өнөөдөр Монголын  ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энхийрлэл, халамжин дунд өсөх ёстой байтал архины хамааралтай эцэг эхээсээ болж дарамтад өртөж, та бидний үзэж харж, дуулж байгаагүй  зовлонг амсаж байна.  Хэрвээ хүүхдийн төлөө үндэсний газар хэмээх энэ байгууллага гэр бүлийн хүчирийхлэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг  нийгэмд таниулах ажил хийсэн бол энэ төрлийн хэрэг олон гарахгүй байх.  Нөгөө талаас  эрх нь зөрчигдсөн хүүхэд багачуудад Хүүхдийн төлөө газар тусалж байгаа талаар  сонсоогүй.  Ажил үүргээ ухамсарлаагүй ийм хамт олон байх шаардлага байна уу? Үнэн хэрэгтээ төрөөс сул цалин авч байгаа тэдгээр нөхдийн ажлыг  хувийн хэвшлийнхэн  Монголын ард түмэн хийж байна.  Уг нь энэ ажлыгХүүхдийн төлөө үнлэсний газрынхан хийх ёстой бөгөөд тус газрын ажил үүргийн хуваарт хүүхэд, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэл, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээнэ гэж заасан байгаа.  Ажлаа хувийн хэвшил, ард түмнээр хийлгэж байгаагаас үзэхэд тус газрынхан сул цалин авч  байна  гэж дүгнэхэд хүргэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдсан хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гарсаар л байна.  Мөн хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгаагийн дээр гарч байгаа хэргүүд нь маш хэрцгий болж байгаа нь  хуулийг эргэн харах шаардлагатайг харуулж байна. Мөн   Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж хуульчлаагүйгээс гэр бүл ахуйн хүрээнд үйлдэгдсэн хүчирхийллийн шинжтэй хэргийг мөрдөн шалгахад ач холбогдол өгдөггүй тул хүчирхийлэл үйлдэгч ял завшиж, хариуцлагаас мултардаг жишиг тогтоод байна.  Тиймээс  гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, хохирсон  хүүхэд эмэгтэйчүүдээ хамаагалахад  бүх нийтээрээ анхаарч дорвитой ажил эхлүүлэхгүй бол бидний ирээдүй болсон  хүүхдүүд сэтгэцийн өөрчлөлттэй, хүчирхийлэгч болох төлөв ажиглагдаж байна. Үүнээс та бид хамтдаа сэргийлж чадна.  

Т.Энгүүн