Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд ялтан болсоор байгаа нь нууц биш ээ. ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид өнөөдрийн байдлаар 170 гаруй эмэгтэй ял эдэлж байна.

Тус анги хаалттай болон нээлттэй гэсэн хоёр ангитай бөгөөд чанга дэглэмтэй хорих ангид 60 гаруй эмэгтэй хоригдож байгаа юм. Өргөст торны цаана, эрх чөлөөгөө хасуулсан эмэгтэйчүүдийн цөөнгүй хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас нөхрийнхөө амь насыг хохироосон. Гэмтэй ба биед нь гэмтэл учруулсан байдаг.

Тэд догшин, харгис нөхрийнхөө дарамт, зодуур дунд олон жил шүд зуун тэвчиж өөрийгөө хамгаалах гэсэн нэг үйлдлээс болж ялтан болж байгаа харамсалтай жишээ олон бий. Бидний хөндөж байгаа баримтын эзэн О нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас нөхрийгөө гэмтээсэн байна. 

Өнөөдөр Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид биечлэн яд эдэлж байна. Хоёр хүүхэдтэй эмэгтэй том хүүхдээ ээждээ үлдээж, хоёр ой гарантай хүүхдийг нь хадмууд нь авч үлджээ. Хорих ангид ял эдэлж байгаа ээж нь хүүхэдтэйгээ уулзахаар удаа дараа гуйсан ч уулзуулахгүй байсан тул санаа нь зовж хүний эрх, хууль хүчний байгууллагад хандсан байна. 

Гэтэл нөхөр болон хадам ээж нь мах цусны тасархайгаа харж хандахын оронд хэл, хөлд орж яваа бяцхан үрийг нь Увс аймаг руу хүнд өргүүлсэн байна. Улмаар цагдаа, хүний эрхийн болон, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд Увс аймагт хууль бусаар айлд өргүүлсэн хүүхдийг 2020 оны аравдугаар сард нийслэлд авчиржээ. 

Энэ хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Дээр дурьдсан баримтаас үзэхэд хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн хүүхдийн асуудалд илүү их анхаарах ёстой нь харагдаж байгаа юм. 2002 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх” тухай Монгол Улсын хуулиар нярай хүүхэдтэй эхчүүдийг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгана гэж заасан байдаг. 

Тиймээс ч 2004 оноос нярай эхчүүдийн байрыг амьдралын бүсэд барьж хоригдож буй эхчүүдийн хүүхдийг нь хоёр нас хүртэл нь хамт байрлуулж байна. Харин хоёр нас хүрээд асран хамгаалагч болон асрамжийн газарт хүргэгддэг. Тэгвэл ээж нь хорих ангид ял эдэлж байгаа хоёроос дээш насны хүүхдүүд хэрхэн яаж амьдарч, хэнтэй хамт байгааг судалдаг газар манай улсад алга. 

Тиймээс ч хүүхдийг нь холын аймагт харь элгийн хүнд хууль бусаар өргүүлсэн ийм гэмт хэрэг дахин гарахгүй гэсэн баталгаа алга. Энэ бол хүүхдийг хууль бусаар үрчлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй хэрэг гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байгаа юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН