УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хот болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоног хааж, мөн энэ хугацаанд нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан билээ.  Тэгвэл энэ шийдвэртэй холбогдуулан иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тараавал зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм. 

Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд "Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх" албан шаардлагыг хүргүүлж, утсаар мэдэгдэж эхэлж байна. Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авна.

5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Гамшгаас   хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тусламж үзүүлэгч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.