Хуульчид сургалтад хамрагдаж байна
2014/04/24
Азийн сан АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллахаар болсон билээ. Үүний дагуу Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооноос Сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
“Яаж сурч сурах тухай сургалтын арга зүй, технологи” сэдвээр явагдах уг сургалт нь Хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах сургагч багш нарт заах арга зүйн ур чадвар эзэмшүүлэх зорилготой юм. Энэ удаагийн сургалтыг Багшийн мэргэжил дээшүүлэх институтийн багш нар удирдан явуулж байна.
Өнөөдөр нээлтээ хийсэн тус сургалтад Хуульчдын холбооны сургагч багш болох 40 гаруй прокурор, шүүгч, өмгөөлөгч, хууль зүйн их дээд сургуулийн багш нархамрагдажбайна. Сургалтын нээлтэд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн ахлах ажилтан Ё.Гантулга, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Сүглэгмаа, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Энх-Амгалан, сургагч багш нар оролцлоо.
Сургалтын нээлтийн үеэр Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх “Сургалтыг зохион байгуулахдаа төлбөр, хоногт нь анхаарах бус хөтөлбөр, агуулгад нь ач холбогдол өгөх учиртай. Нэгдүгээр ээлжийн энэ сургалтаас багш нар заах арга зүйн талаар шинэ мэдлэг олж аваад зогсохгүй багагүй туршлага хуримтлуулж, багшлах ур чадвараа дээшлүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.