2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл
2014/04/25
Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголоор улсын төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 787.0 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба зээлийн дүнг 809.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 557.5 тэрбум төгрөгөөр бууруулсаар байтал жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн дахин 574.3 орчим тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага ба зээлийн дүн 434.4 тэрбум төгрөгөөр, үүнээс хөрөнгийн зардал 307.1 тэрбум төгрөгөөр тасарсан тайлан гарсан байна.
“Улсын төсвийн орлогын тасалдлын хувьд томоохон тасралттай орлогууд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, дотоодын болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татварын орлогууд байна. Улсын төсвийн орлого Монгол Улсын 2013 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн тодотголоос доогуур төвлөрсөн нь макро эдийн засгийн нөхцөл байдал төлөвлөснөөс доогуур байсан бөгөөд ялангуяа дотоод эдийн засгийн идэвхжил төлөвлөсөн хэмжээнд хүртэл өндөр байж чадаагүй. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оныхоос ихээхэн хэмжээгээр буурсан нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж, улмаар аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг төлөвлөснөөс бууруулсан. Гүйцэтгэл нь баталгаажсан боловч санхүүжилт нь олгогдоогүй ажилд шаардагдах 183.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэхээр холбогдох тооцоо, судалгааг Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлээд байгаа ч төсвийн тодотгол хийгдэх хугацаа хойшлогдоод байна.
Иймд аж ахуйн нэгжүүдэд олгох хөрөнгийн асуудлыг Сангийн яамнаас өрийн бичиг гарган өгч төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, шаардагдах хөрөнгийг 2014 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэх талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна. Өнгөрсөн 2013 онд импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын дутуу төвлөрөлттэй холбоотойгоор аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд нийт 18.7 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг хийгдэж чадаагүй. Иймд 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөнд тодотгол хийх замаар ажлын гүйцэтгэл нь баталгаажсан төслүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Сангийн сайдын тогтоолоор хүргүүлээд байна. Мөн Монгол улсын 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 495.7 сая ам.доллар буюу 4.5 хувь, экспорт 112.0 сая ам.доллар буюу 2.6 хувь, импорт 383.7 сая ам.доллар буюу 5.7 хувиар буурсан дүнтэй гарсан. Манай улсын нийт экспортын 90 орчим хувь, төсвийн орлогын 20 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт эзэлдэг бөгөөд гадаад зах зээлийн таагүй нөлөөллөөс эдгээр бүтэгдэхүүнээс төсөвт төвлөрөх орлого шууд хамаарч байна. Уул уурхайн салбарын зогсонги байдал, эдийн засгийн бусад салбаруудын өсөлт удааширч хөрөнгө оруулалт, хэрэглээ буурч байгаа нь импортын хэмжээ өмнөх оныхоос буурахад нөлөөлсөн байна.