ЕБС-ийн сурагчдын амралт маргааш эхэлж буй. Цар тахал дэгдсэн онцлогтой жил учраас энэ жил сурагчдын I улирлын амралт ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хэрхэн анхаарал хандуулж, хянах ёстой талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгорын өгсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

-Танай төв хүүхдийн сэтгэцийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг улсдаа ганц эмнэлэг. Сүүлийн жилүүдэд танай төвөөр үйлчлүүлсэн хүүхдийн тоог, өмнөх жилтэй харьцуулахад ямар байна вэ?

 

-СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиник кабинетын хувьд 21 аймаг, нийслэлийн  есөн дүүргээс ирж үйлчлүүлдэг. 2013 оноос цахим тоглоомыг хэтрүүлсэн хүүхэд хэвтэн эмчлүүлж эхэлсэн. 2013 онд 30 орчим хүүхэд манай төвд хэвтэж байсан бол 2017 онд гурав дахин өссөн. Таван жилийн дотор хэвтэн эмчлүүлэх, амбулаториор үйлчлүүлэх, зөвлөгөө авах хүүхдийн тоо гурав дахин ихэссэн үзүүлэлт гарсан ч 2018 онд харьцангуй буурсан. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ цахим донтолтод орж хүндрэхээс нь өмнө үзүүлэх, зөвлөгөө авах хандлага нэмэгдэж, хэрэглээнд нь хяналт тавьж анхаардаг болсонтой холбоотой. Кабинетын хэвтүүлэн эмчлэх тасаг 25 ортой. Энэ ор сурагчдын амралтын үеэр дүүрдэг дээ.

 

-Нас, хүйсийн хувьд авч үзвэл?

 

-10-17 насны хүүхдүүд их ханддаг. Хөвгүүд РС тоглоомыг хэтрүүлэх, донтох байдалтай байдаг бол охидын хувьд цахим хэрэглээ нь фэйсбүүк, твиттер, инстаграм, youtube гэсэн сошиал медиа тал руу их байгаа нь ажиглагдаж байна.

 

-Интернэт донтолтын эмгэг гэж чухам юуг хэлэх вэ. Хүүхдэд ямар шинж тэмдгээр илрэх вэ?

 

-2019 оноос ДЭМБ олон улсын өвчний ICT 11 ангилалд “Интернэт донтолт” гэдэг өвчний кодыг шинээр оруулсан. Тэгэхээр донтох эмгэг мөн юм хэмээн хүлээн зөвшөөрч шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношлох код, эмчлэх аргын талаар олон улсын оношийн шалгуурт оруулсан. Манай улсын хувьд ICT 10 ангиллаар ангилж, цахимд донтох эмгэгийг эмчилж байна.

Интернэт донтолтын эмгэг нь бусад төрлийн донтой адилхан байдаг. Тухайлбал, хүүхдэд ихэвчлэн бие махбодийн шинж тэмдгээр илэрнэ. Удаан хугацаагаар сууснаас бие нь хөших, чилэх, ядрах, сульдах, ойрын болон холын хараа муудах, нүд аргаж хуурайших шинж тэмдэгтэй.

Өдөр нь унтаж, шөнө нь унтахгүй байх. Хүүхдийн нойр хүрэхээ болих, ойр ойрхон сэрэх, хар дарах, тоглоомын агуулгыг зүүдлэнэ. Мөн  ярих, явах өөрчлөлт илэрдэг. Үүнээс улбаалж хүүхдийн анхаарал төвлөрөл, ой тогтоолт муудах, хичээлээ хийх сонирхолгүй болох, амархан мартах, өмнө нь сонирхдог байсан зүйлээсээ татгалзаж, сурлагын амжилт нь буурдаг.

 

-Цахимд донтох эмгэг хүндэрвэл?

 

-Гүнзгий өөрчлөлт буюу хүүхэд удаан хугацаагаар тоглож донтож эхлэхээрээ хамгийн их илэрдэг шинж нь зан үйлийн өөрчлөлт юм. Хүүхдийн оюун ухааныг яаж тоглох вэ гэсэн бодол л эзэмддэг гэсэн үг. Ямар нэг аргаар тоглохыг хүснэ, оролдлого хийнэ,  хориглоход хүчтэй эсэргүүцнэ, үүнийгээ түрэмгий авираар илэрхийлнэ. Эсвэл худлаа ярина, ууртай болно. Түүнчлэн бүлэглэж тоглох мөнгөө олохын тулд эцэг эхээсээ мөнгө хулгайлах, бага насны хүүхдийн эд зүйлийг  дээрэмдэх байдал руу шилждэг. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ интернэт хэрэглээ, зан үйлд гарах өөрчлөлтүүдийг сайн анзаарч байх хэрэгтэй.

 

-Интернэт тоглоомд донтсон хүүхдийн ар гэрийн байдлыг судалж үзсэн үү?

 

-2013 онд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн дунд судалгаа явуулсан. Судалгаагаар 82.3 хувь нь эцэг, эхийн хараа хяналт сул, хэт их эрхлүүлсэн хүүхэд интернэт тоглоомд донтож байгаа дүн гарсан.  Хүүхдээ хүссэнээр нь тоглуулдаг, дураар нь өсгөснөөс гадна хүүхдээ хайхардаггүй, тоодоггүй, хүндэлдэггүй айлын хүүхэд тоглоомд донтож байгаа нь харагдсан. 2016 онд манай судлаачийн хийсэн судалгаанд, шийдвэр гаргах чадваргүй,  хариуцлага сул, өөрийгөө хянах чадваргүй хүүхэд илүү өртөж байгааг тогтоосон. Аливаа зүйл хэмжээтэй юм байна, хэдхэн цаг тоглох ёстой юм байна. Эсвэл зөвхөн чөлөөт цагаараа тоглох ёстой гэдэг ойлголт багаасаа суугаагүй хүүхдэд донтох байдал ажиглагдаж байна.

 

-Энэ эмгэгийг ямар аргаар эмчилдэг вэ. Хэр хугацаа зарцуулах вэ?

 

-Хамгийн гол нь сэтгэл зүйн гаралтай, гадаад шалтгаанаар үүсч байгаа эмгэг учир хүүхдэд танин мэдэхүйн сэтгэл заслын эмчилгээг түлхүү хийдэг. Юунаас шалтгаалав гэдгийг илрүүлэн хүүхэдтэй ярилцана. Хүүхдийнхээ сэтгэл санааг нээх, ойлгуулах, стрессийг нь тайлах гэж ярилцахаас гадна удаан хугацаагаар тогловол ямар хор уршиг илэрдэг вэ гэдгийг таньж мэдүүлнэ. Өөрөөр нь донтсон байна гэдгийг  нь хүлээн зөвшөөрүүлнэ. Сэтгэл заслын эмчилгээг ганцаарчилсан ярилцлагаас гадна бүлгээр ярилцах, арт терапи буюу урлагийн сэтгэл заслын аргаар хийдэг. Эдгээрийг хамтатгаж хийснээр тодорхой үр дүн гарна. Тэгээд хүүхдийг амьдралын зөв хэв маягт сургахад эцэг эхийн оролцоо нэн шаардлагатай. Гэтэл эцэг эх ажил гэсээр анхаарлаа тавихгүй бол хүүхэд буцаад сэдрэх аюултай. Тиймээс эцэг эхэд нь зөвлөгөө өгөх, танин мэдэхүйн сургалт явуулдаг. 

 

-Хөл хорионы дэглэмд хүүхдүүд гэртээ ихэнх цагаа өнгөрөөж, интернэтээр хэсэх, зурагт үзэх, гар утас тоглох нь түгээмэл байгаа. Энэ тохиолдолд цахимд донтох эмгэгээс яаж сэргийлэх вэ?

 

-Бага насны хүүхэдтэйгээ эцэг эх заавал хамтарч тоглох цаг гаргах ёстой. Гэр бүлээрээ хөлөгт тоглоом тоглох, унтахаас нь өмнө ном уншиж өгөх, зурагт ном будах зэргээр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй. Энгийн зүйлийг хүүхэдтэйгээ хамтарч хийхэд хүүхэд маш дуртай, хөөр хөгжилтэй болдог. Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөж байгаа хүүхэд өөр бусад зүйлийг сонирхохгүй. Харин боль, битгий гэж хориглоход эсэргүүцнэ. Хүүхдийн өсөлт хөгжилтөд хөдөлгөөн, спорт, урлаг хамгийн чухал. Биеийн хөгжил, оюуны хөгжлийг нь дэмжихэд анхаараач гэж зөвлөмөөр байна.

 

-Гар утас, компьютерыг ямар хугацаагаар хэрэглэх нь тохиромжтой вэ?

 

-Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ дэргэд интернэт хэрэглээгээ хянах ёстой. Хүүхэд интернэт хэрэглэлээ гэхэд хяналт тавьдаг байх ёстой. Нас насанд нь тохирсон хугацаагаар хэрэглүүлэх олон улсын жишиг бий. Тухайлбал, ОХУ-д гурваас доош насны хүүхдэд утас огт хэрэглүүлэхгүй, хүүхэлдэйн киног бага хугацаагаар үзүүлдэг. Дэлгэцийг хэрэглээ гэж үзэн түүнд утас, компьютер, зурагт багтдаг. Гурав хүртэл насны хүүхэд 15 минут, 3-5 настай хүүхэд 30 минут, 5-7 настай хүүхэд 45 минут гэхчлэн нас насанд нь бага багаар ахиж хэрэглээг нь тэлж өгдөг. Ингэж сурсан хүүхэд өсвөр нас болон насанд хүрсэн хойноо ч аливаа зүйлийг хэмжээтэй тохируулдаг. Харин манай улсад эсрэгээрээ багад нь дураар нь орхиод, том болсон хойно нь хориглодог учир хүүхэд хүлээж авдаггүй.

 

 

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин