ЭМЯ-ны сайд хариуцлага алдсан ажилчидаа ажлаас нь чөлөөлж байна гэсэн мэдээлэл цахим орчноор тараад байгаа. Тэгвэл бид энэ асуудлаар ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхантай холбогдож тодрууллаа.


-ЭМЯ бүтцийн өөрчлөлт хийж зарим албан хаагчид шинээр байгуулагдсан Эм эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан агентлаг руу шилжин ажиллах шийдвэр гарсан гэж байна. Гэтэл цахим орчноор зарим ажилчидаа ажлаас чөлөөлж байна гэсэн мэдээлэл яваад байна л даа. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

-Эрүүл мэндийн салбарт том шинэчлэлийн ажил хийгдэж байна. ЭМЯ-ны бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар баталсан. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа эрүүл мэндийн салбарын хэмжээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдаж байна. Түүнээс гадна ЭМДЕГ-ын шинэчлэлтэй холбоотойгоор эмнэлгүүдэд очих гол санхүүжилт нь ирэх оноос ЭМДЕГ очихоор болж байна. Тиймээс ЭМДЕГ-т маш өргөн хүрээтэй зохион байгуулалтын бүтэцтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын маш чухал үүрэг бүхий хоёр агентлагийн нэгнийх нь үйл ажиллагаа нэлээд өргөжиж, нөгөөх нь шинээр байгуулагдах гэж байна. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор шинээр байгуулагдаж байгаа агентлагтаа бид дадлага туршлага өндөртэй, чадварлаг хүмүүсээ томилж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх нь чухал. Ер нь бол ажлаа зөв зохион байгуулахын тулд ажилчдыг шилжүүлэн ажиллуулах л асуудал юм. Түүнээс биш ямар нэг байдлаар хүмүүсээ ажлаас нь халсан зүйл байхгүй. Тийм ч учраас бид коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээндээ доголдол гаргахгүйгээр дотоод зохион байгуулалтынхаа өөрчлөлтийг хийж байна. Одоогоор ажлаасаа халагдаж байгаа нэг ч хүн байхгүй бөгөөд зөвхөн салбарын зохион байгуулалтын хувьд л өөрчлөлт орж байна.

-ХӨСҮТ-ийн Д.Нямхүү дарга өгсөн ярилцлагадаа “Өвчтөнүүдийг өөр эмнэлэг рүү нүүлгэх асуудал дээр тантай зөрчилдсөн” гэж ярьсан. Иргэд цар тахлын хүнд нөхцөл байдалтай энэ үед дарга нар зөрөлдөх нь буруу гэж ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна?

- Д.Нямхүү эмч бидний хооронд шаардлагатай үед зөв арга хэмжээ авахын тулд нөхцөл байдлаа бодитоор үнэлэн бүх эрсдэлийг тооцож, боломжит нөөц төлөвлөгөөг гаргах ёстой гэсэн зүйл л яригдсан. ХӨСҮТ-ийн хувьд, УОК-ын ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүгнэлтийн дагуу засаж залруулах болоод халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах ёстой зэрэг олон асуудал бий. Тухайн ажлын хэсгээс гаргасан ХӨСҮТ-ийн дүгнэлтийн дагуу богино хугацаанд заасан өөрчлөлтүүдийг хийхгүй бол яах аргагүй Д.Нямхүү даргатай хариуцлага тооцох тухай асуудал яригдаж таарна гэх мэт зүйлсийг л бид хоорондоо ярьсан. Бидний хэн хэн нь л иргэдээ халдвараас хамгаалах талаар санаа зовж, ярилцаж байхад гарсан ажил төрлийн маргаан учраас би огтхон ч эмзэглэхгүй байна. Д.Нямхүү дарга бид хоёр ч буруу зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон. Харин зарим хүн энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж, улстөржүүлэн буруу ойлголт нийтийн дунд гаргаж байна. Хүмүүс хооронд ажлаас болж ам мурийх асуудал гарч л байдаг шүү дээ. Хамгийн гол нь цаашид хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ л сайжруулах ёстой. Үүнээс гадна одоогоор зөвхөн коронавируст халдвартай хүмүүсийг эмчилж байгаа ажилчдаас гадна сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа сувилагч болон ариутгалын тасагт ажиллаж байгаа ариутгагч халдвар авсан байна. Энэ нь ХӨСҮТ-өөс халдвар гадагш тархах маш том эрсдэл үүсч байгааг илэрхийлж байгаа дохио. Тиймээс үүнд анхааралтай хандаж, зөв арга хэмжээ авч менежмэнтээ өөрчлөх шаардлагатай байна. Ер нь бол энэ салбарт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд халдварт өвчин хэрхэн яаж тархах талаар тооцоолох хэмжээний мэдлэг, мэдээлэл надад бий. Гэхдээ энд коронавирусийн халдвараар өвчилсөн болон сүрьетэй өвчтөнүүдийг нэг, нэг тал руу зөөх асуудал яриагүй.

-ХӨСҮТ-ийн ачаалал их, эмч ажилтнууд олон сар ажиллаж ядарч сульдан улмаар халдвар гадагш тархах эрсдэл үүсч байна гэж харж байна. Энэ эрсдэлийг багасгахын тулд ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-ХӨСҮТ-ийн ачаалал харьцангуй багассан. Өөрөөр хэлбэл, халдвартай хөнгөн өвчтөнүүдийг Яармагийн эмнэлэг рүү, шинээр илэрсэн тохиолдлуудыг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх байдлаар ХӨСҮТ-д шинэ тохиолдол нэмж авахгүйгээр бага багаар коронавирусийн эмчилгээний хэсгийг чөлөөлж байна. Энэ маягаар ХӨСҮТ-д коронавирустэй өвчтөнүүдийг бүгдийг эмчилж, эмнэлгээс гаргана. Дараагаар нь халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, эмнэлгийн ажилчдын ажиллах орчинд анхаарлаа хандуулна. Бид эмч, эмнэлгийн ажилчдадаа маш сайн анхаарал хандуулахгүй бол халдварын эрсдэл улам өндөр болно. Эрсдэлийг багасгахын тулд л эхний ээлжинд коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байгаа хэсгийг чөлөөлөхөөр зохион байгуулж байна.

-Д.Нямхүү эмч “Халдвартай хүнийг өөр эмнэлэг рүү зөөж шилжүүлэх нь эрсдэлтэй алхам” гэж хэлж байсан?

-Сүрьеэгийн өвчтөнүүдийг шууд өөр тийшээ шилжүүлэх асуудал яриагүй шүү дээ. Сүрьеэгийн тасгийн сувилагч нэгэнт коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул энэ чигээрээ байвал сүрьеэгийн өвчтөнүүд ч халдвар авах эрсдэлтэй. Хэрвээ ийм байдал үүсвэл тэдгээр өвчтөнүүдийн амь насанд ч маш их эрсдэл учирна. Тиймээс л бид эмнэлгийн ажилчдыг гадагш ямар нэг контактгүй болгож, тэнд үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийг эрсдэлээс сэргийлэх ажлыг давхар хийж байгаа. Коронавирусийн халдвартай хүмүүсийг хэсэг хугацаанд эмчлэхгүй байж ХӨСҮТ-д сүрьеэгийн тасгийн өвчтөнүүдийг халдвар авах эрсдэлээс сэргийлж чадвал тус тасгийг нүүлгэх шаардлагагүй болно. Үүнээс гадна олон улсад ч тэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилчид халдвар авах эрсдэлтэй байгаа. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг нэгэнт зогсоож болохгүй тул хяналт, дэглэмээ сайжруулан ажиллахаас өөр аргагүй юм. Эрүүл мэндийн байгууллага өөрөө хөл хөдөлгөөн ихтэй газар тул халдвар тархах эрсдэл маш өндөр байна.