“Улаан  Жамсран  Бурханы  өргөө”   ТТБ  тэргүүн  үзмэрч  зурхайч  Г.Сэргэлэнтэй ургаж буй үхэр жилийн өнгө  зурхайд хэрхэн буусан талаар ярилцлаа.

-Гарч буй үхэр жилийн өнгө зурхайд хэрхэн буусан бэ?

 -“Цөөвөр”  хэмээх  үхэр  жил  нь  миний  үзэхээр  бол  Монголын  ард  түмэн,  улс орны  амьдралд   ивээлээ өгөх   ээлтэй  жил  болно. Хүүхэд,  хөгшид  буурлуудад ээлтэй,  харин  залууст  жаахан  хатуу  байж  болох  талтай. Иймд  залуус элдэв зүйлийг  үйлдэхдээ анхаарал  болгоомжтой  байх  хэрэгтэй.  Жилийн  дунд буюу  4-5 сарын  сүүлч,  11-12 сард  анхаарал  болгоомжтой  байхад  мөн  илүүдэхгүй.   Улс төр  болоод  худалдаа  арилжаа  эрхлэгчдэд  ээлтэй жил гарч байна.  Өрх  бүр  өөрийн  шүтээнээ  дээдлэн,  гал  голомтоо  тахиж  байх нь   сайн үрийг дагуулна.  Гарч  буй  болоод орж  буй  жилүүд,   их  бага харш  жилтэй  хүмүүс  онцлох  засал номыг  урьтан  дагаж,  үдэн хийлгэж  явах  нь  зөв болно.

 

-Цар тахал дэлгэрсэн  хүнд жил байх нь. Хүмүүсийн эрүүл мэндийн талаар та юу хэлэх бол?

-Хууч  өвчтэй  хүмүүс  эрүүл  мэнддээ  анхаарал  тавих  нь  зохилтой. Бусдаар бол тийм ч хүнд биш байна.

-Ээлтэй болон  онцлох засалтай хүмүүсийг жил эсвэл насаар  тодорхой  хэлж өгөхгүй юу?

 -Энэ жил хулгана, үхэр, бар, туулай, луу,  могой,  морь,  хонь,  бич, тахиа, нохой,  гахай жилтнүүдэд ээлтэй. 0-18,  18-45,  45-100  настнуудад нэн  сайн гэж зурхайд буусан.

-Байгаль, цаг уурын хувьд ямар байх бол?

-Жилийн эхэн, дунд, сүүлээр цаг агаар таатай байна.  Өвөл  нь  хүйтэн  цастай байх ч   хүн  малд ээлтэй, өгөөжтэй байна. Зун   хур  бороо элбэгтэй, цаг улирлын байдал  дулаахан. Хавар  цаг агаар тогтуун,  ичигсдэд  хоол  хүнс  элбэг байна.  Намар  нь  налгар  ургац  арвин  жил  болно.

-Жилийн эхэнд монголчууддаа хандаж та юу хэлэх вэ?

- Айл өрх, эцэг  эх болгон  жаргалтай,  үр  хүүхэд  бүхэн  баяр  хөөрөөр  дүүрэн сайхан жил  байг.  Үр хүүхэд  хүссэн  бүхэн  өнөржин жаргаг.  Ханьтай болохыг  хүссэн  бүхэн  ижлээ олж,   өвдсөн  бүхэн  илааршин  эдгэрч,  өлссөн  бүхэн  хоол унданд залгаж,  орон  гэргүй  бүхэн  гэр оронтой  болж,  ажилгүй нь ажилтай, орлогогүй  нь   орлоготой болж хүмүний амьдрал дэвжин дээшлэг. Төрийн  түшээдэд  ээлтэй,  улсын  хөгжилд  ээлтэй, иргэндээ ээлтэй  нүдээ олсон шийдвэрүүд  ар  араасаа гараасай. Төр, иргэн  хоёрын итгэлцэл дүүрэн  ээлтэй сайхан  жил  болоосой.  Мухар  сүсэгт  тун харш  няцаан  арилгасан, хүмүүн бүхний  мэлмий  нээгдэж,  магнай  тэнийсэн  тун чиг  сайхан жил болоосой. 

Эх сурвалж: www.polit.mn