Сүүлийн үед хүүхдийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон.

Хүүхэд төрөөд 30 минутын дотор ангир уургаа амласан хүүхдэд гадны өвчин эмгэгээс хамгаалах дархлаа тогтдог аж. Угжны саваар элдэв халдвар дамждаг.

Харин эхийн сүү хүүхдэд шууд очдогоороо янз бүрийн өвчнөөс хамгаалдаг юм. Ялангуяа шар өвчнөөс сэргийлдэг. Одоо зарагдаж байгаа хөхний сүү орлуулах бүтээгдэхүүнүүд үнэтэй болохоор мөнгө их үрэгдэнэ. Хамгийн гол нь эхийн сүүгээр өссөн хүүхэд өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн болдог. Үүнийг нотолсон олон судалгаа бий. Тухайлбал, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэлээд хэсэг нь эхийн сүүгээр өсөөгүй байдаг. Эхийн сүүнд халдварын эерэг уураг 65 хувь байдаг бол үнээний сүүнд дөнгөж 20 хувь л байдаг. Эхийн сүү бол юугаар ч орлуулшгүй.

Эхийн сүү орлуулах бүтээгдэхүүнийг маш олон улс гаргаж худалдаалдаг хэдий ч эхийн хөхний  сүүг бүрэн орлож чаддаггүй гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг.

Харин эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг хуулиараа бол олон  нийтэд сурталчлахгүй байх гэж заасан. Гэтэл энэхүү заалтыг зөрчин, бүтээгдэхүүнийг сурталчлах явдал гарах болжээ.

Саяхан Эрүүл мэндийн яамнаас Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу "Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай" хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, бүтээгдэхүүнийг сурталчилсан үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Уг шалгалтаар "EQO UP" ХХК, "Универсал" ХХК-иуд нь энэ оны хоёр, гуравдугаар саруудад олон нийтийн телевиз, олон нийтийн сүлжээ, цахим хуудсуудаар эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг сурталчилсан нь тогтоогдсон байна.

Тухайлбал, “Универсал” ХХК нь өөрийн харилцагч “Нестле” компанийн хүсэлтээр Герман улсын “Нестле” компанид үйлдвэрлэсэн “Нестоген” нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний талаарх сурталчилгааг орон даяар тодорхой давтамжтайгаар, “EQO UP” ХХК нь “Симилак” нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг “Facebook” олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудсаар сурталчилсан аж.

Хууль зөрчиж сурталчилгаа явуулсан компаниудад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан явуулахгүй байх, Монгол улсад мөрдөгдөж буй “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллахыг мэдэгдэн албан тоот хүргүүлж, хуульд заасны дагуу хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авсан байна.

Х.Даваа