Т.Хүрэлбат: Хилсээр тамлуулж доромжлуулсан дүүг минь яаралтай сулла
2021/03/26
Ч.ОЛДОХ
Ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 20 жилийн хорих ялаар шийтгүүлэн зургаан жилийг торны цаана өнгөрүүлж буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа.
-Хэргийг судлах, шалгах Ажлын хэсэг гарсан гэсэн. Энэ үед та “Чимгээг сулла” гэсэн суулт, өлсгөлөн зарлах ямар шалтгаан байв?
-Дүүг минь суллана гэсэн хүлээлт үүсээд удлаа. Төр, засгийн өндөр түвшинд асуудал яригдаад л байдаг. Зарим нь хэргийг үнэн зөв шийдэхийн тулд ярьдаг байх, шоу хийдэг хүн ч байдаг. Ийм яриаг би хувьдаа 2016-2017 оноос сонсч, итгэж найдаж, горьдлого тээсээр өнөөдрийг хүрлээ. Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нар өөрсдийн түвшинд асуудлыг шийднэ биз.
Чимгээгийн ахын хувьд би зовж тарчилж байгаа дүүгээ хараад зүгээр сууж чадахгүй байна. Өнөөдөр COVID-19 гээд суулт, өлсгөлөн хийлгэхгүй гэж байна. Гэхдээ миний дүүгийн амь нас ч гэсэн минутаар хэмжигдэж байгаа шүү дээ. Би дүүгийнхээ эрх, эрх чөлөөг өөрийн аминаас дээгүүр тавьж байна. “Ах аа, би ямар ч хэрэг хийгээгүй шүү дээ. Намайг аваач, эндээс гаргаач” гээд торны цаана уйлж байгаа дүүгээ харах надад аймшигтай хэцүү байна. Би үхэж магадгүй. Энэ хэргийг хаалттай байлгах гээд, энэ чигт нь дуусгах гэж хар хүч хэрэглэж байгаа хүмүүс Төрийн ордон дотор бий. Тэгэхээр миний амь нас баталгаагүй.
-Дүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзав?
-Хоёр сар орчмын өмнө уулзсан. Гаднаас нь харахад цус нөж гоожиж, өвдөж хавдсан юм байхгүй ч дүү минь турж эцэж, сэтгэлзүйгээр хямарч үхэж байна. Нэг өдрийн өмнө ч болтугай дүүгээ шоронгоос гаргамаар байна.
-Өөрийнх нь хүсэлтээр гээд сүүлд нэг бичлэг олон нийтэд цацагдсан. Танд юу бодогдов?
-Эмэгтэй хүнийг нүцгэнээр нь бичлэг хийж авах мөрдөн байцаалтад ямар хэрэгтэй юм. Энэ бол доромжлол. Тэрийг хэн удирдаж, зураг авахуулж бичлэг хийлгэж байсан бэ гэвэл, Тагнуулын байгууллага. Тагнуулын байгууллагын дарга нь хэн байсан юм бэ, Б.Хурц. Түүнийг мэдээгүй байх хойгуур хэдэн хүн санаачлагаараа мөрдөөд хүмүүсийг олж ирээгүй юм байгаа биз дээ. Өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлсэн байж таарна. Зураг авсан хүнтэй хэрүүл хийгээд явахгүй, хэн захиалсан гэдэг асуудлыг ярина биз дээ. Түүнтэй адил би энэ хэрэгт эрүүдэн шүүсэн хүн нь Б.Хурц юм шүү гэдэг асуудлыг ярьж байгаа. Тийм бичлэгийг ил гаргая гэж хэн ч бодохгүй байх. Гэвч дүү минь аргаа барахдаа, ямар тамлал, доромжлолыг амссанаа мэдэгдэхийг хүссэн нь л тэр. Хэрэв тэр бичлэгийг үзүүлэхгүй бол Б.Хурц “Би яагаа ч үгүй шүү дээ” гэж хэлнэ шүү дээ. Үнэхээр миний дүүгийн амьдралыг шороотой хутгаж, амь насанд нь тултал тамлан тарчилгаж байгаа Б.Хурц, түүний командад байсан залхаан цээрлүүлэх багийнхны хийсэн ажил тэр байх. Тэр хүмүүс өнөөдөр бүгд гадуур чөлөөтэй явцгааж байгаа. “Шаналал шарх болно, ямба яр болно” гэж үгтэй. Үнэн ил болно гэж бодож байна.
-ТЕГ-ын дарга асан Б.Хурц саяхан ярилцлага өгөхдөө “Бичлэг дээр цээж нүцгэн гарч байгаа залуу ямар ч гэмгүй гэдэг нь тогтоогдсон, хэрэг хүлээлээгүй. Тэгэхээр бичлэг хийсэн, баримтжуулсан асуудал нь гүйцэтгэх ажиллагааны дүрмийг зөрчөөгүй. Нотлох баримт баталгаажуулсан асуудал” гэсэн утгатай зүйл ярьсан байсан. Та уншсан уу?
-Б.Хурц гэдэг хүний мэдрэл нзүгээр байгаа даа гэж бодогдсон. Хүн амины хэргийг мөрдөхийн тулд эмэгтэй хүнийг нүцгэлж зургийг нь авах ямар хэрэг байсан бэ. С.Зориг гэдэг хүнийг хутгалаад алчихсан байхад сэжиглэгдсэн эмэгтэйг нь барьж авч нүцгэлж зургийг нь авах ямар хэрэг байсан юм бэ. Б.Хурцаас үүнийг асуумаар байна. Нүцгэн зураг аваад юу нотолсон юм бэ. Авах авахдаа согтоож унагаах ямар шаардлага байв. Үнэхээр сэжиглэж байгаа юм бол баривчлаад дүрэм журмынх нь дагуу шүүх эмнэлгээр оруулж шинжилгээ авч болдоггүй байсан юм уу. Хэрэв нүцгэлж байгаад үзэх шаардлагатай бол эмнэлэг томилоод эмэгтэй эмч нар үзэж болно биз дээ. Үүнийг та бүхэн надаас биш Б.Хурцаас асуумаар байгаа юм. Тийм увиагүй, хүн чанаргүй, боловсрол муутай, онгироо сагсуу улс тагнуулын байгууллагад бөөнөөрөө байсан юм байна лээ. Тэрний нэг нь Б.Хурц.
-Гурван шатны шүүх яллах дүгнэлт үйлдсэн хэрэг. Хилс хэрэгт холбогдсон гэдгийг тогтоогоогүй. Харин мөрдөн шалгах явцад эрүү шүүлт хэрэглэсэн гэдгийг тогтоосон. Шүүх тэднийг С.Зоригийг алаагүй гэж үзээгүй болохоор нотлох баримтууд байна гэж зарим хүн хэлдэг, бас харддаг. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Гурван шатны шүүх шийдвэр гаргасан уу гэвэл гаргасан. Эрүүдэн шүүсэн үү гэвэл бас эрүү шүүлт хэрэглэсэн. Тэгвэл үнэхээр тэр баримт нотолгоо нь бүрэн дүүрэн байгаа юм бол яагаад зөвхөн хүн амины хэргийн шүүх хурлыг хаалттай, далд байдалд хийсэн юм бэ. Маргаан үүсгэх ямар шаадлага байсан юм бэ, эсвэл Б.Хурц өөрөө ийм сенсаац дэгдээх сонирхолтой хүн юм уу. “Тийм л юм байна шүү дээ” гээд бүгд ил тод харах, үзэх боломжтой юмыг яагаад далд байдалд шүүх хурлаа хийсэн юм бэ. Төрийн нууц гэдэг нь тагнуулын байгууллага дээр мөрддөг, шалгадаг ажлынх нь шаардлага байх. Түүнээс үнэхээр хүн алсан нь үнэн бол нууж хаах ямар шаардлагатай юм бэ. Дахиад хэлэхэд, би түрүүн дурдсан хүн амины хэргийг мөрдөхийн тулд сэжиглэгдэж байгаа эмэгтэй барьж нүцгэн зураг авах ямар шаардлагатай юм бэ. Ийм зураг яг юунд хэрэг болдог юм бэ. Хийх шаардлагатай бол бариад, эмнэлгийн баг томилоод хийж болохгүй гэж үү. Б.Хурц үүнд хариулт өгөх ёстой. Нөгөө талаас, Б.Булган гэдэг хүний яриа хэвлэлд гарсан, “1998 онд хэрэг гарахад би энэ хүмүүсийг хараагүй” гэж тэр хүн хэлсэн байдаг. Гэтэл гэрч Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй. Тэгээд шүүх хурлаа хаалттай нууц байдалд хийсэн. Тэгэхээр гурван шатны шүүх дүгнээд гаргасан, энэ тэр гэх яриа Б.Хурцын даалгавартай хүмүүсийн л гаргаж байгаа яриа байх. Хүн алах чинь түлээ хагалахтай адилгүй биз дээ. Хүн алаад өгөөч гэнгүүт Т.Чимгээ гүйж ирж алчихаад явчихсан мэтээр яриад байгаа, утга нь тэгж гараад байдаг. Тийм болохоор шүүх хурал худлаа. Дээр нь нотлох баримтгүй шүүсэн гэдгийг би хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд олон удаа ярьсан. Тэгэхээр би гурван шатны шүүхийг гүтгэсэн болох гээд байна аа даа. Баримт нотолгоогүй, хүнд ял өгсөн гээд. Тэгвэл би зөрчлийн хуулиар ч юм уу, тэр олон мундаг эрх дархтай шүүгчид намайг аль хэдийнэ барьж аваад ял үүрүүлнэ биз дээ. Гэтэл таг чиг байна. Ц.Амгаланбаатар ч гэсэн надад мөнгө өгнө гэхээр нь би Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг гүтгэсэн гэж ярьсан баримт бий шүү дээ. Ажлын хэсгийн ахлагч Б.Эрдэнэбат ч гэсэн тухайн газарт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хурууны хээ байгаагүй гэж ярьсан нь ч бий. Ийм байгаа учраас гэм зэмгүй иргэдийг эрүү шүүлтээр ял өгсөн, хэрэг үүрүүлсэн гэж би хэлж байгаа юм. Дээр нь прокурор дээрх асуудлуудыг харахад ойлгомжтой байна.
-Ямар асуудлууд...?
-Нэг өмгөөлөгч шүүгч, прокуроруудад мөнгө тараагаад явж байдаг, өөр бас яадаг ч гэнэ вэ бичлэг саяхан задарч, олон нийтэд цацагдаад байсан. Тэгээд тэр хэргүүд дээр нь ордог Алдар, Соёмбо-Эрдэнэ, Зоригт нарын шүүгчид байна шүү дээ. Зоригт гэдэг шүүгч нь хамгийн сүүлд Дээд шүүхийн хуралд хууль зөрчиж орсон. Дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүх хурал даргалж орох ёсгүй. Гэтэл хуулиа зөрчиж ороод дахиад ял өгсөн. Түүнийхээ төлөө тэр хүмүүс гавьяат хуульч болж байна шүү дээ. Нүцгэн шалдан зураг авсан тэр хүмүүс ч бүгдээрээ хурандаа болсон. Тагнуулын байгууллага түүхэндээ татан буугдаж, янз бүр болох үед туршлагатай тагнуулчдаа гудамжинд гаргасан түүх бий. Үүнийг мэдэх нь мэдэх байх. Түүний дараа Ц.Элбэгдорж гэж хүн тагнуулын газрыг байгуулсан. Тэр хүмүүсийнх нь үлдэгдэл Б.Хурц нар. Түрүүчээсээ илэрч байгаа ч асуудал шийдэгдэхгүй байна. Шүүгчид нь айдаг юм уу, хүн тамлаж, дормжилж байгаа бичлэг хараад шүүж чадахаа байчихдаг юм уу. Шүүж чадахгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.26 БААСАН № 60 (6537)
харамсалтай · 2021/03/27
БҮТЭХГҮЙ хүмүүсийг Тагнуулын даргаар тавьдаг байж болохгүй. ХУРЦыг Гэрэлээр сольж байсан. Бас л уурхай, бизнестэй хутгалдсан нөхөр байсан. САЙЖРУУЛЖ чадаагүй. ОДООГИЙН тагнуулын байгууллага боловсон хүчний хувьд сайжирсан уу? ХЭЛЭХЭД хэцүүү.