Халдвар эрчимтэй өсвөл дөрөвдүгээр сарын 5-наас өмнө хатуу хөл хорио тогтоохыг үгүйсгэхгүй
2021/03/26
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл ес хоногийн хугацаанд халдвар илүү их нэмэгдэнэ. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах юм бэ?
-Дэлхий нийт коронавирусийн халдвартай дасан зохицож, өөр өөрсдөө сэргийлж амьдрах орчин нөхцөл ч бий болж байна. Бид тодорхой хугацаанд хөл хорьж тоог багасгасан ч хэсэг хугацааны дараа дахиад л шинээр илрэх халдварын тоо өсөх магадлалтай.
Нөгөө талаар, бид аль болох вакцинжуулалтын ажилтай уялдуулан богино хугацаанд тогтвортойгоор эрсдэлийг бууруулахаар ажиллаж байгаа. Мэдээж дөрөвдүгээр сарын 5-н гэдэг эцсийн байдлаар тогтсон өдөр биш.
Халдвар эрчимтэй өсвөл заавал дөрөвдүгээр сарын 5-ныг хүлээхгүйгээр хөл хорио тавих нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй.
Энэ бол бүх талын оролцооноос хамаарах тул иргэд хаа, хаанаа халдвар хамгааллын дэглэмээ хатуу сахих ёстой.
-УОК-ын Шуурхай штаб дотроо халдвар алдсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
- УОК-ын Шуурхай штабын ажилтан, алба хаагчаас коронавирусийн халдвар илэрсэн. Жаргалантад удаан хугацаагаар амралтгүй ажилласан Шуурхай штабын ажилчдыг долоо хоногийн хугацаатай ээлж ээлжээр сувилалд амраах ажил зохион байгуулагдсан. Тус алба хаагчдын 11-ээс нь коронавирусийн халдвар илэрсэн.
Мөн Шуурхай штаб дээр ажиллаж байсан нэг алба хаагч сэжигтэй тохиолдол болсон.