Улаанбаатараас COVID-19-ийн халдвар зөөвөрлөгдсөн аймгийн тоо 15 болов
2021/03/30
COVID-19-ийн халдвар тархсан аймгийн тоо өнөөдөр нэгээр нэмэгдэж, нийт 15 аймагт коронавирусийн халдвар тархлаа.
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд нэг тохиолдол батлагдсан байна. Тухайн иргэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатарт эмчилгээ хийлгээд энэ сарын 10-нд Ховд аймагт очоод өчигдрийг хүртэл гэрийн тусгаарлалтад байсан юм байна. Гэрийн тусгаарлалтын хугацаа дуусах үед халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хандан шинжилгээ өгчээ.
Ийнхүү Улаанбаатар хотоос халдвар зөөвөрлөгдсөн аймаг нэгээр нэмэгдлээ. УОК гуравдугаар сарын 1-нээс нийслэлээс гарах хөдөлгөөнийг нээснээс хойш коронавирусийн халдвар аймгуудад тархаж, өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдвар 15 аймагт батлагдаад байна.
Хэдийгээр УОК Улаанбаатараас аймгууд руу гарах хөдөлгөөнийг хаасан ч аймгуудад нэгэнт гарсан халдварын тоо өдрөөс өдөрт дотооддоо нэмэгдсээр байгаа юм.
Коронавирусийн халдварын тархалт эрчимжсээр байгаа бөгөөд Улаанбаатар хотод
- гуравдугаар сарын 12-ноос хойш өдөрт 100-аас дээш тохиолдол батлагдаж байсан бол
- гуравдугаар сарын 22-ноос 200-г давж
- гуравдугаар сарын 26-наас 400 давсан бол
- өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд 575 тохиолдол шинээр халдвар авлаа.
Ийнхүү халдвар огцом нэмэгдэж, аймгуудад тархсанаар эрүүл мэндийн ажилтнуудын ачаалал нэмэгдэж байгаа нь хамгийн тулгамдсан асуудал болж байна.