Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа болон ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Гормоны эм уудаг хүмүүс вакцин хийлгэж болох уу. Жишээ н нь бамбайн дутагдлын эм уудаг хүн ХӨСҮТ-өөс асуухаар болохгүй гэсэн хариу өгсөн ч өрхийн эмнэлэг хийлгэж болно гэж байна. Энэ эргэлзээг тайлж өгнө үү?

Г.Болдмаа: -Гормоны эм уудаг иргэд коронавирусийн вакцин хийлгэж болно. Ингэхдээ тухайн дотоод шүүрлийн эмчдээ үзүүлсний үндсэн дээр хийлгэнэ.  Өөрөөр хэлбэл, өвчлөлийн ямар үед байгаагаас хамаарна.

Вакцины анхааруулга заалтад гормон эмчилгээ болон дархлаа сэдрээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс орсон байна. Энэ хүмүүс анхааруулга заалттай буюу зөвхөн эмчийн заавраар вакцинд хамрагдах эсэхээ шийдвэрлүүлнэ гэсэн үг.

-Одоо хийгдэж байгаа вакцин хэр удаан халдвараас хамгаалах вэ. Хэрвээ зургаан сар хүртэл хугацаанд дархлаа тогтоох бол ирэх өвөл иргэдээ дахин короавирусийн эсрэг вакцинд хамруулна гэсэн үг үү?

Г.Болдмаа: -ДЭМБ-ын 100 гаруй орон коронавирусийн халдвар болон вакцин, мутацид орсон хувилбар зэргийг судалж байгаа. Одоо хийлгэж буй вакцинууд 6-8 сарын хугацаанд халдвараас хамгаална гэх судалгааны үр дүн бий.

Гэхдээ COVID-19  нь шинээр гарч ирсэн цар тахал тул ДЭМБ-ын зөвлөмжүүд байнга өөрчлөгдөж буй. Тиймээс магадгүй ирэх аравдугаар сараас судалгааны үр дүн өөрчлөгдөх боломжтой.

-Антибиотикийн харшилтай иргэд вакцин хийлгэж болох уу?

Г.Болдмаа: -Харшлын сэдрэлтийн үед аливаа эм уухыг ч хориглодог. Тиймээс хэрвээ харшил нь сэдрэлтийн үе таарсан бол эмчийн заалтаар вакцинд хамрагдаж болно.

Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд уналт, таталт өгч байсан болон уналт, таталтын эсрэг эм ууж байсан хүмүүс вакцин хийлгэж болохгүй гэсэн вакцины эсрэг заалт бий.