Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Бямба гарагаас /дөрөвдүгээр сарын10-наас/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргажээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ амаргүй үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор боллоо" гэв.

Мөн "2021 оны хоёрдугаар сарын 25-нд төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрсөн.

Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн" гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан "3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна. Мөнгийг бэлэн платформуудаар буюу хүүхдийн мөнгө, тэтгэвэр авдаг данс, 1,072 авдаг хувьцааны данс гэх дансаар банкуудаар дамжуулан олгох ажил өнөөдрөөс эхэлнэ.  Аль болох хурдан хугацаанд нийт иргэддээ түгээхээр ажиллана" гэв.