Монгол Улс социалист нийгмийг халж, ардчилсан төрт улсад шилжиж орсон цаг 1991 он. Үүнийгээ зах зээлийн эдийн засагтай нийгэм хэмээн тунхагласан билээ. Энэ нэр сонсоход бидэндээ цоо шинэ, эерүү л байсан болохоос биш, үнэндээ бидний мэдэж, сонсож байсан капиталист нийгэм шүү дээ.

Капиталист байгуулал бол капитал хуримтлуулдаг нийгэм. Өөрөөр хэлбэл мөнгө хүүлдэг нийгэм. Социалист байгууллаас капиталист байгуулалд урган орсон нь Монголын ард түмний амьдралд гарсан түүхэн шинэ эргэлт байлаа. Манжийн дарлалд 220 гаруй жил нухлагдсан, Марксизмийн буулганд орж, 70 жил дальдарч явсан монголчуудад хүссэнээрээ хийж, санаснаараа чөлөөтэй амьдарна гэдэг хэзээ ч тохиолдож байгаагүй шинэ эрин үе байв. Ингэж монголчууд бид эрх чөлөөт нийгэмд хөл тавьж билээ.

Эрх чөлөө гэдэг ард түмэнд, улс үндэстэнд эрхэм чухал зүйл. Энэ түүхэн эргэлтийг хэрхэн хөгжүүлж, хэрхэн ашиглахаас Монгол Улсын хувь заяа шууд шалтгаалах байсан юм. Тэр цагаас хойш гучаад жил өнгөрчихөж. Энэ хооронд бид хөгжсөн үү? Улс, нийгмийн өмчийг тарааж, ард түмэнд өгсөн. Энэ нь ард түмнээ хөрөнгөжүүлсэн гавьяат үйл мөн боловч төр өмчгүй болж хоцорсон. Уг нь өмчтэй төр хүчирхэг байдаг гэдэг. Амьдралын гол асуудлыг шийддэг, эдийн засгийн гол гол салбарууд төрийн атганд байх аваас улс орны амьдралыг удирдахад ихээхэн хялбар бөгөөд элдэв гаж, сөрөг үзэгдэл гарах нь бага тохиолдох аж.

Бас төрийн өмчийг хуваахдаа ард түмэндээ жигд хүртээж чадаагүй. Өчүүхэн төдий алдаа гэдэг тэр үедээ харагдахгүй, мэдрэгдэхгүй нь сайхан байвч олон жилийн хойно үр дагавар нь их том болж, бүхэл бүтэн сөрөг үйл болж нөлөөлдгөөрөө осолтой аж. Ард түмэндээ улсын өмчийг жигд хүртээгээгүйгээс болж, өнөөгийн баян хоосны асар их ялгаа гарах болж, ядуугийн давхарга улам бүр нэмэгдсээр байгаа билээ. Нэг хэсэг нь хөрөнгө хүртээд, нэг хэсэгт нь юу ч оногдсонгүй хоцорсон. Хувьдаа хөрөнгөтэй болсон нэг хэсэг нь арилжаа наймаа хийж, ашиг хонжоо олж, хувьдаа бүтээн байгуулалт хийж, унах унаатай, орох орон байртай болж, гадаад орны идэж уудгийг идэж, өмсөж зүүдгийг мөн өмсөж хэрэглэх болж. Газар сайгүй дэлгүүр гуанз ярайж, өндөр өндөр барилгууд сүндэрлэж, засмал зам зурайж, бараг малтайгаа тэнцэхүйц машин тэрэг сүлжилдэж, худалдаа наймаа газар сайгүй чихэлдэн хөгжсөн нь эрх чөлөөт нийгмийн буян мөн. Энэ бол өнгөрсөн жилүүдэд монгол улс хөгжиж ирсний дүр зураг.

Монгол Улсыг гадны хэн ч хараад баярламаар, бас атаархмаар ийм хөгжил бий болсон нь сайхан. Гаднаас нь харвал Монгол орон ингэж хөгжжээ. Харин дотроос нь харвал огт өөр аж. Хувьдаа том том компанитай, том том алт, мөнгө, нүүрсний уурхайтай, бүхэл бүтэн үйлчилгээний төвтэй, нэг хүн бүү хэл нэг аймаг ч барьж дийлмээргүй бүхэл бүтэн хороолол барьсан албан тушаалтнууд, тэдний гаргасан цоорхой хуулийн ивээл дор амьдрал нь чинээлэгжиж, ард түмнээс хол тасарч баяжсан нэг хэсэг харагдана. Бас өмч хувьчлалаас хувь хүртэж чадсан азтай хүмүүс түүгээрээ хөл хийж өсөж дэгжиж, баяжиж тасарсан нь ч байна. Нөгөө талд нь өмч хувьчлалаас хувь хүртэж чадаагүй, өчүүхэн бага цалин,орлоготой, гартаа барих хөрөнгөгүй, цалингаараа хоногоо аргалдаг, өндөр үнэтэй хүнс, барааны шуурганд арчуулж, өдөр өдрөөр ядуурч туйлдсан ард түмэн харагдана. Ингэж л энэ гуч хүрэхгүй жилд монголд баян, ядуугийн хоёр ертөнц бүр ихээр ялгаран гарч ирж. Энэтхэг улсын, олон зуун жилд бий болгосон, баян ядуугийн дэндүү их ялгааг монгол улс гуч хүрэхгүй жилд бий болгож чаджээ. Одоо бид Энэтхэг улсыг ярьж, гайхах хэрэггүй болсон.

 

1990 оноос өмнө монголд баян хүн байгаагүй, бас ядуу хүн байгаагүй. Тэр үеийн төр бүх нийтэд жигд үйлчилдэг, ард түмнийхээ амьдралыг жигд сайжруулахын төлөө явдаг байсны үр дүн тэгж харагддаг. Тэр үеийн социалист орнууд хүнээ ингэж жигд анхаарч хөгжүүлдэг байв. Перестроик явагдсанаас хойш социалист системийн орнуудын ихэнх нь капиталист нийгэмд урган орсон. Тэгэхдээ тэдгээр орнууд нийгмийн байгуулалаа өөрчилсөн ч хүн ардаа жигд хөрөнгөжүүлдэг, жигд хөгжүүлдэг, улс орныхоо эдийн засгийг төрөөс төлөвлөгөөтэйгээр удирддаг зарчмыг орхилгүй, хэвээр нь баримталсаар яваа нь цөөнгүй.

Манай урд хөрш гэхэд капиталист нийгмийн эдийн засгийн аргыг социалист нийгмийн эдийн засгийн аргатай хоршуулан хэрэглэж, аль ашигтай, дэвшилтэйг нь авч хэрэглэсээр явж байна. Таван жилийн төлөвлөгөө нь ч хэвээр үйлчилж байх юм. Ийм ухаалаг төртэй учраас Хятад улс 1.4 миллиард хүнээ тэжээгээд, цатгаад, илүү гарсан бараагаа дэлхийн бүх улсын лангуун дээр дүүргэж орхисон нь хөгжлийн гайхамшиг мөн. Тэр ч байтугай 2018 онд бүх хүн амаа ядуурлаас гаргана гэж дэлхийд зарлав даа. Том гүрний ухаалаг бодлого гэдэг ийм байх аж. Төр засаг хэдий чинээ шударга байна, ард түмэн төдий чинээ амар амгалан байдаг. Монголчууд бид чинь нэг юмыг харвал айхтар туйлширдаг хүмүүс. Капитализмын барааг хараад л социализмын юм бүхнийг бузар юм шиг үзэж, ёстой юу ч үлдээлгүй таягдан хаясан даа. Энэ бол нөхөгдөшгүй том алдаа байж. Зөв юмыг ор үндэсгүй болтол устгах гэдэг эргээд амаа барихад хүргэдэг осолтой. Бид нийгмийн хоёр байгуулалыг зэрэгцүүлэн хөгжүүлж, аль алинаас нь ашигтайгий нь авч хэрэглэх байж. Одоо л харж байхад энэ бүгд айхтар тод томруун харагдаж байх юм.

Монголын ард түмний амьдралд баян ядуугийн ялгаа ийм их болсноор барахгүй, ядуурал одоо цаашаа, бүр өдөр өдрөөр ихэссээр байгаа нь эмгэнэл. Ард түмэн ядуурч сульдаад байгаагийн шалтгаан олон янз. Хөрсөн дээрхи болон хөрсөн доорхи баялгийн үр өгөөжийг ард түмэнд хүртэж чаддаггүй, ажилгүйдэл, архидалт ихэссэн, монгол хүн залхуу болсон … гээд л их ярьдаг.  Энэ нь үнэндээ тийм боловч эхний ярих асуудал биш. Тэгвэл эхэнд ярих асуудал арай өөр юм.

 

Алив нэг хэрэг явдал заавал эхлэлтэй,уг сурвалжтай байдаг. Ер нь уул овоо шиг том юмны эхлэл нь анзаарагдамгүй жижиг, энгийн юм байдаг. Тэр энгийн, наад захын хүчин зүйлийг анзаарч өөд татваас дэвшилд хүрнэ. Эс анзаарч орхивоос дэвшлийг олж чадахгүй, будилсаар явдаг . Манай ард түмний амьдралыг ядуурахад хүргэж байгаа нөхцлүүд цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн наад захын, манайд л орхисон болохоос дэлхийн улс орнуудад эн түрүүнд баримталж явдаг хоёр зүйлийн талаар энд дурдъя.

 

1. Хүн амыг нутаг дэвсгэр дээрээ жигд тараан суурьшуулах.

 

Экологийн шинжлэх ухаанд “…Дэлхийн бөмбөрцгийн хаана л сул орон зай гарна, түүнийг амьд биес үтэр түргэн эзлэн авдаг …” гэсэн нэгэн томъёолол бий. Энэ бол байгалийн зарчим, амьдралын хууль аж. Өчүүхэн төдий сул орон зай гарахад түүнийг эс эзлэн авбаас амьд биесийн тэлэлт хумигдаж, нэгэн дор шахцалдан шавааралдсаар, амьдрал доройтож, хоол тэжээлийн хомсдолд орж, бие биеэ дарангуйлсаар эцэст мөхөлд хүрдэг аж. Хүний нийгэмд, тэр дундаа улс орон оршин тогтноход энэ хууль үйлчилдэг. Хүн төрөлхтөн энэ зарчмыг мэддэг, дагадаг учраас л дэлхийн бөмбөрцгийн сул орон зай болгоныг нээж олон, суурьшиж эзэгнэсэн хэрэг.

Дэлхийн амьдралтай бүх хэсэгт эзэнгүй, сул орон зай алга болж. Энэ бол амьдралын тэлэлт, хөгжлийн тэлэлт мөн. Дэлхийн улс орнуудын нутаг дэвсгэр дээр ч хамгаалалтын бүсээс бусад нутагт хүнгүй, хөгжилгүй сул газар үгүй. Харин манай улс өөр байна. Дэлхийн амьдралын энэ хуулийн яг эсрэг яваад байх шиг. Бүх хүмүүс нь нутгийнхаа зүүн тал руу, тэр дундаа нийслэл хот руугаа нүүгээд шавааралдаад л. Нутгийн баруун хэсэг улам бүр эзгүйрээд л. Энэ байдлыг төр засаг 30 жил харж байна. Юм хэлсэнгүй, арга хэмжээ авсангүй. Бодвол Үндсэн хуулийнхаа “…түр буюу байнга оршин суух газраа сонгох…” гэсэн иргэдийн эрхийн заалтандаа баригддаг бололтой. Монголын хүн амын тал хувь нь зөвхөн Улаанбаатарт чихэлдчихэж. Амьд амьтан байсансан бол өнөөдөр Улаанбаатар хот ачаагаа даахгүй, ёолон гасалж байх байсан. Зүүн районы өөр суурингуудад ч хүн ам ихээр төвлөрч. Ер нь манай хүн ам нутгийнхаа зүүн хэсэг рүү нүүсээр байна. Энэ янзаараа бол энэ нүүдэл цаашдаа зогсохгүй үргэлжилсээр монгол нутгийн баруун тал хүнгүй болох нь.

Бүх хүн амын тал хувь нь нийслэлдээ шавааралдаад суучихсан тийм улс орон манайхаас өөр байхгүй. Ингэж Монгол Улс өөрөө өөрсдийгөө хүндрүүлж, амьдралаа доройтуулсаар байна. Хүн хаана олширно, тэнд юмны үнэ нэмэгдэж, хүрэлцэхээ болино. Хэрүүл маргаан ихэснэ. Осол гэмтэл нэмэгдэнэ. Хулгай дээрэм газар авна. Ажилгүйдэл ихэсч, өлсгөлөн гуйланчлал нэмэгдэнэ, архидалт гаарна. Агаар бохирдоно. Ажил олдохгүй болно. Бүх зүйлээ үнэдэж авна. Ингэж л амьдрал доройтох аж. Хамгийн гол нь үл мэдэгдэх, нийгмийн халдварт өвчин гарах болж, улам бүр газар авч байдаг. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин нүүрлэх үед хүн амын ийм хэт төвлөрөлт илүү эрсдэлд хүргэнэ. Хот орон утаанд бохирдож, уушигны өвчтэй хүүхэд олноор төрөх гэдэг улс орны ирээдүйд хортой.

Монголын ард түмэн, нийтээрээ ядуурсаар байгаагийн үндсэн шалтгааны нэг нь хөдөө нутгаа орхиж, нийслэлдээ шавсан энэ амьдрал юм. Гучин жил үргэлжилсэн энэ их нүүдлийг Монголын төр зогсоож, цэгцэлсэнгүй. Гадаадынхан үүнийг маш соргогоор мэдэрч, монголын уудам нутаг улам бүр эзгүйрч байгааг, энэ нь ямар эмгэнэлд хүргэдгийг санаж, дотроо харамсаж байгаа нь мэдээж. Тэгэхдээ бидэнд хэлэхгүй. Харин ч асар уудам нутагтай, цөөхөн хүн амтай энэ орон ингэж замбараагүйтэх нь хэзээ нэгэн цагт өөрт нь ашигтай болохыг мэдэрч, баясаж байж ч мэдэх. Бид үүнийг ухаарахгүй яваа нь харамсмаар.

Сүүлийн үед дагуул хот байгуулах тухай их ярих болж. Энэ нь хөгжлийн хүрээг тэлэх сайн талтай боловч хүн амын төвлөрлийг сааруулах арга биш. Харин ч шинээр орон зай бий болгож, мөнөөх л нутгийн зүүн хэсэгт хүн ам төвлөрөх, тийшээ хуйлрах нөхцлийг бүрдүүлж өгч байгаагаараа осолтой байж ч мэднэ. Харин монгол нутгийн баруун хэсэгт тийм дагуул хотуудыг байгуулбал ашигтай.

Энэ их төвлөрлийг задлах жинхэнэ ажил болж, бидэнд хөгжил дэвшлийг авчрах талтай юм. Түүнээс гадна улсын арван найман аймгийг хот болтол хөгжүүлэх, хотын статустай болгох, сумуудыг тосгон болтол хөгжүүлж, багаас сум руу, сумаас аймаг руу шилжих шилжилтийг эмхлэн зогсоох, хөдөө орон нутгийн сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн орон тоо, хүн ардын багтаамжийг нэмэгдүүлж, байх ёстой хэмжээнд нь хүргэх, сум сууринг нийслэлтэй холбосон дэд бүтцийг сайжруулж, хүн нутаглаагүй атар онгон нутаг дахь малчид, хөдөлмөрчдийн тоог нэмэгдүүлэх, хөдөө нутагт ажиллагсдын цалинг хот газрынхаас өндөр болгож өгвөл хүмүүс аяндаа хөдөө рүү хошуурч таарна. Хүн ам хөдөө рүүгээ, нарийн яривал төрөлх аймаг руугаа зүтгэдэг болох тийм эдийн засгийн, дэд бүтцийн болон сэтгэл санааны хөшүүргийг бий болгох л хамгийн зөв шийдэл. Ер нь яваандаа одоогийн их, дээд сургуулиудыг хотоос гаргаж, хөдөөгийн хотуудад шилжүүлэн байрлуулах нь зөв. Ийм зөв шийдлүүд хийж чадвал заавал төр засгаас арга хэмжээ авах гэхгүйгээр, хүмүүс аяндаа өөрөө тарж суурьшин, хүн амын төвлөрөл задарч эхэлнэ.

Ерөөсөө хүн амын замбараагүй төвлөрлийн нэг шалтгаан бол хүнийхээ тооноос ахадсан олон их, дээд сургууль бий болсон, түүнд ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид нь бүгдээрээ ордог хачин тогтолцоо бий болсон явдал юм. 95 сая хүнтэй Египет улсад 40-өөд их, дээд сургууль байдаг гэдэг. Тэгэхэд манайд гурван сая хүрэхгүй хүн амд 100 гаруй их, дээд сургууль байгаа нь төгсөгчдийг бүгдийг татах, хот руу нүүх шалтаг болсоор байгаа юм.

Чанаргүй, мэргэжлийн төрлөөр давхацсан, ижил мэргэжил олгодог, хэрэгцээ багатай, Их сургууль гэхэд сэтгэлд багтмааргүй ийм олон их, дээд сургууль байгаагаас хүн амыг, хүүхэд залуучуудыг нийслэл рүү татаад, төвлөрүүлээд байна шүү дээ. Одоо бид ухаарч, энэ сургуулиудыг цөөлж, чанаржуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Бүх хүн дээд мэргэжлийн дипломтой болсноос биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүнгүй болж, ажилчин анги устсан. Энэ бол Монгол Улс бүтээн байгуулалтгүй болж байгаа аюул. Иймээс Монгол Улс ажилчин анги бэлтгэх ажлыг хийж эхлэх хэрэгтэй болж. Бүх хүн нь дээд мэргэжлийн дипломтой улс орныг бид сонсоогүй. Тийм орон өндөр хөгжилд хүрч байсныг ч сонсож байгаагүй. Сонсоогүй болохоор тийм юм байдаггүй байх нь.

Үндсэн хуулийн “ …түр буюу байнга оршин суух газраа сонгох …” эрхтэй гэсэн заалт л ард түмэнд ийм хачин, цадиггүй эрх чөлөөг олгож өгч. Амьдрах газраа өөрөө сонгох нь эрх чөлөөт нийгэмд байж болох боловч эрх чөлөө хэтэрхий задгайрч, улс орныг бусниулж ч мэдэх юм байна. Ер нь улсынхаа засаг захиргааны хуваарийн дагуу, нутаг дэвсгэр дээр хүн амаа хаана, яаж хуваан суурьшуулахыг төр засаг л мэдэх хэрэгтэй. Энэ бол улсын хөгжил цэцэглэлтийн ирээдүй мөн. Дээр хэлсэнчлэн, дэлхийн хаана сул орон зай гарна, амьд биес түүнийг үтэр түргэн эзэлдэг шиг монголын хуулийн хаана болчимгүй, буруу ташаа заалт орно, тэр цоорхойгоор монголчууд бид үтэр түргэн шургалан дайрдаг заншилтай болж.

Хуулийн зарим нэг болчимгүй өгүүлбэрийг ингэтэл мөрдөх нь биднийг осолд оруулж мэдэх нь. Монголчуудын хуулийн энэ болчимгүй, гэнэн заалт, ард түмэн бидний энэ замбараагүй байдалд гадаадынхан дүн шинжилгээ хийж, бидний алдаан дээр суралцаж, өөрсдийнхөө алдаа дутагдлыг засаж чамбайруулж байгаа нь мэдээж. Энэ яахав гэж бодоход Монголын нутаг дэвсгэрийн баруун тал эзэнгүйрэх нь Монгол Улсын хөгжилд сөрөг үзэгдэл болохоос гадна хамгийн гол нь яваандаа монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд осолтой болж ч мэдэх юм. Дээрх экологийн хууль ёсоор эзэнгүй тэр нутагт гадаадынхан хулгайгаар шургална. Тэнд суурьшина. Том том объект барьж байгуулна. Яваандаа эзэмшил газраа тэлнэ. Ийм байдлаар манай нутаг яваандаа хүнийх болж ч болох. Ер нь баруун хязгаар нутагт гадаад хүн суурьшиж, олон малтай болж байгаа сураг олон жилийн өмнө сонсогдож билээ. Энэ үнэн бол аль хэдийн эхэлчихэж. Одоо бүр ч олон болоо байх.

 

Гадаадын бүтээн байгуулалт гэдэг гадаадынх л байдаг. Бид түүнийг хөндөх эрхгүй. Аль нэгэн цагт гадаадынхныг эх нутгаасаа гаргах гэвээс тэд эзэмшлээсээ салахгүй. Хэрэв түүнийг хүч хэрэглэн шийдэх гэвээс цэрэг орж ирнэ. Энэ бол тухайн улс руу дайрч орж ирж байгаа хэрэг биш, өөрийнхөө бүтээн байгуулалтыг, өөрийнхөө объектийг л хамгаалж байгаа хэрэг болдог. 1960-аад оны үед Сэгс цагаан Богдын заставыг татан буулгаснаас Эхийн голд гадаадынхан суурьшиж, хар тамхи тарьж байсан гунигт түүх ч бий. Ийм осолтой учраас монголчууд бид нутаг дэвсгэр дээрээ жигд тарж суурьшин, эх нутагтаа эзэн болон амьдрах хэрэгтэй байна. Ингэж бүх газар нутаг дээрээ зэрэгцсэн хөгжил, цэцэглэлтийг цаг алдалгүй, явуулах нь манай оронд тун чухал хэрэгтэй байна. Бүр өндөр уул, өргөн говио бүгдийг эзэмшиж, тэнд хөгжил цэцэглэлтийг эхлүүлэх хэрэгтэй. Төр засаг нь төлөвлөгөөтэйгээр шахаад, удирдаад өгвөл хаана ч хөгжил хурдан явагдана.

Хүн хаана очно, тэнд бүтээн байгуулалт эхэлдэг ёстой. Эхлээд тэдэнд толгой хоргодох орон байр хэрэгтэй болно. Түүнийгээ хийж таарна. Дараа нь идэх хоол, өмсөх зүүх шаардагдана. Түүнийгээ бий болгоно. Дараа нь унах унаа хэрэгтэй болно. Түүнийгээ шийдэх нь мэдээж. Түүнээс үүдэн явах зорчих зам харгуйгаа гаргах, засах хэрэгцээ гарна. Ингэж хөгжил эхэлдэг аж. Дархан цаазтай, улсын тусгай хамгаалалттай, ашигт малтмалын ордтой газар нутгаас бусад бүх газар нутаг дээрээ хүнээ тараан суурьшуулах нь ард түмний амьдрал дээшлэх, ажлын талбар тэлэн томорч, хүн бүр ажиллах уудам орон зай бий болно.

Нөгөө талаар ингэж чадвал Монголын бүх газар нутагт зэрэгцсэн хөгжил цаг алдахгүй явагдах болно. Хүн ам таран суурьшсан үед нийгмийн халдварт өвчний гаралт илт багасна. Төр хүчтэй. Ард түмнээ удирдаж чаддаггүй, аяыг нь дагадаг төр байж болохгүй. Төр төмөр нүүртэй. Төр хийе гэснээ л хийх ёстой. Төр төмөр нударгатай. Монгол Улсын эсрэг үйлдэл бүхнийг, төрийн явуулж байгаа зөв үйл ажиллагаанд саад тотгор бологч бүхнийг төр дарах ёстой. Улс орноо хөгжүүлэх, ард түмнээ ядуурлаас гаргахын тулд Монголын нутаг дэвсгэр дээр ард түмнээ жигд тараан суурьшуулж, бүх нутаг дэвсгэр дээрхи бүтээн байгуулалтанд бүх хүнээ жигд оролцуулах явдал манай улсын хувьд бүр ч чухал байна. Ингэж чадаагүй цагт хөгжил хурдацтай явагдахгүй, ард түмний амьдралыг ч дээшлүүлэх боломжгүй.

 

2. Үнийн галзуурлыг хазаарлаж, төр гартаа авах хэрэгтэй.

 

Зах зээлийн үнэ гэгч Монголд орж ирээд бараг гучин жил өчүүхэн ч зогссонгүй, дандаа урагшаа давшилт хийжээ. Давшилтанд орсон үнийн галзуурал ард түмнийг нэг удаа ч атугай амгалан тайван амьдруулсангүй. Галзуурсан үнийн шуурганд ард түмэн туйлдсаар одоо бүр ягтаа тулж ирсэн байна. 1990ээд онд зах зээлийн харилцаа эхэлж байсан тэр үед “Зах зээлийн үнэ чөлөөтэй байна “ гэсэн тунхаг гарч ирж билээ. Тэр үед энэ тунхаг ард түмний амьдралд муу нөлөө үзүүлнэ гэдэг нь хэн бүхэнд мэдрэгдэж байсан. Монголчууд бид юмыг ямар айхтар тулшруулж, эргэх буцахаа мэдэхгүй улайрдгийн наад захын жишээ бол гучин жил цадаж, ханахаа мэдэхгүй өсөж дэвэрсэн энэ үнийн өсөлт юм.

 

Бодохгүйгээр, олон жилийн хойно гарах үр дагаврыг тооцохгүйгээр зарлан тунхаглана гэдэг он цагийн явцад ямар уучилшгүй алдаанд хүргэдгийг ард түмэн бэлхнээ харж, мэдэрч байна. “Зах зээлийн үнэ чөлөөтэй байна”, “… иргэд оршин суух газраа сонгож эрхтэй “ гэсэн хоёр тунхаглал ард түмний амьдралд , нийгмийн амьдралд ямар их сөрөг нөлөө үзүүлж ирснийг одоо эргээд харахад хангалттай.

Капиталист нийгмийн дотор амьдарч үзээгүй байж, тийм амьдралын туршлагагүй байж, үр дагаврыг нь тооцож гаргаагүй байж, гадаадын орнуудын тунхагийг шууд дагах гэдэг эрсдэлтэй юмны нэг байдаг ажээ. Монголчуудын наймаанд үнэ чөлөөтэй байж болохгүй байсан юмсанж. Чөлөөт үнэ гэдэг, олон зуун жилд зах зээлийн наймаа эрхэлсэн, наймааны соёлд суралцсан, эдийн засаг нь төлөвшсөн, үнийг өсгөхийн төлөө, их ашиг олохын төлөө улайрдаггүй, төлөвшсөн зах зээлд байдаг үзүүлэлт юм байна.

Капиталист нийгэмд юмны үнийг төрөөс тэгтэл барихгүй, чөлөөтэй байлгадаг боловч ерөнхийд нь төрийн хяналтанд байлгадаг аж. Энэ ч аргагүй юм. Үнийн өсөлт гэдэг ард түмний амьдралын асуудал, улс орны хувь заяаны асуудал, оршин тогтнохын үндэс болохоор төр хараанаасаа гаргаж, сулд нь хэзээ ч тавьж болдоггүй юмны нэг. Үнэ өсөж, ард түмний амьдралд илтээр нөлөөлөх үед төрөөс арга хэмжээ авч, хязгаар тогтоодог нь түгээмэл. Энэ бол ард түмнээ эрсдэлээс аварч байгаа төрийн бодлого юм. Харин манай засаг төрөөс тийм арга хэмжээ даанч авсангүй 30 жил болж.

30 жил гэдэг үнэ хөөргөдөж, их ашиг олж, баяжиж байгаа хүнд бол богино хугацаа. Олдог нь бага, үнэтэй бараанд халаасаа хоослуулж, өлөн зөмөг хооллож, зүдэрч яваа ард түмэнд бол урт хугацаа.

Энэ гучин жилд хүнс, барааны үнэ мөн ч их өсөж, мөн ч олон хүний халаасыг хоосолж, амьдралыг доройтуулахад нэмэр болжээ. Үнийг хазаарлан барих тухай ард түмэн төр засагтаа олон ч удаа хүссэн дээ. Үнийг өдөр өдрөөр, бүр тэгэхдээ дуртай нь санаснаараа өсгөдөг, бусдыгаа уриалан турхирдаг ийм үйлдэл нь ард түмнийг хоосолж, туйлдуулахад хүргэсэн, хүргэсээр ч байна. Гучин жил довтолсон үнийн энэ их өсөлт нь монголчуудын гэдсийг гучин жил өлөн зөмөг явуулав. Ингэж монголчууд монголчуудаа шулж, ядууруулсаар байх аж. Цалин, тэтгэвэр өчүүхэн төдий нэмэгдэхэд л хэд хоногийн өмнө юмны үнэ угтаад л өсчихсөн байна. Ингээд л нэмэгдсэн жаахан нэмэгдэл амьдралд тус дэмгүй болдог.

Үүнийг харахаар маш нарийн зохион байгуулалттай, бүр цаанаасаа төлөвлөгөө, тооцоотойгоор, зориуд хийгээд байгаа ч юм шиг. Харь гүрнүүдийн бодлого ч энд бий л байх. Гадаадын энэ бодлогод манай хар захын наймаачид, валютын ченжүүдийн үнэ өсгөлт их тус болсоор ирсэн. Монгол наймаачид бараагаа олон дахин нугалж зарахын тоолонгоор гадаадын наймаачид барааныхаа үнийг дагуулж нэмдэг. Ийм байдал давтагдсаар, одоо ямар ч капиталист оронд баймгүй тийм өндөр үнэ монголд бий болжээ. Энэ бол капитализмаас хэтэрсэн, галзуурсан капитализм. Энэ бол хилийн наана цаана хоёр, наймаачдын хөөргөдөн өсгөсөн үнийн зохиомол өсгөлт, олж байгаа өндөр ашиг. Үнийн энэ галзуурал дотоодын мах, цагаан идээнд ч хүчтэй нөлөөлөв. Дэлхийг дэлдийлгэсэн олон малтай, цөөхөн хүнтэй Монголд малын бүтээгдэхүүн хямд байж, малынхаа шимээр гайхуулж, цагаан идээ хэрэглээгээрээ бид дэлхийд давамгайлж явах ёстойсон. Тэгтэл авахын аргагүй өндөр үнэтэй болсноос монгол хүн өрөм, ааруул, тос идэж, сүүтэй цай уухыг бараг мартаж. Аргаа барахдаа ам бүлийнхээ тоогоор ус буцалгагч олж аваад ус буцалган гэдсээ цэрийтэл залгилж, сэтгэлээ хуурч явааг бүх нийтээрээ санах хэрэгтэй. Энэ бол Монголын ард түмнийг малынхаа ашиг шимийг хүртэх эрхгүй болгож байгаа Монгол наймаачдын уршиг. Энэ бол мал ихтэй монголд бий болсон эмгэнэлт хувь заяа. Харин манай хөрш орнууд малгүй мөртлөө малтай мэт, мах, сүү, ааруул, өрөм, айраг, тос, ноос ноолуураар бялхаж явааг харахаар нэг л уйтай. Ингэж Монголд наймаачид баяжиж, ард түмэн ядуурсаар байна. Энэ утгаараа наймаачдын баяжсан, ард түмний ядуурсан хоёр яг тэнцэнэ. Зах зээлийн амьдрал төлөвшсөн, наймаанд туршлагажсан орнуудад соёлтой наймаа үйлчилдэг. Худалдааны соёл гэдэг тухайн орны хөгжил, хүн ардын боловсрол, соёлын үзүүлэлт, зан заншлын төлөвшлийг харуулдаг учиртай.

Соёлт орны худалдаачид бараандаа ашгаа шингээгээд л зардаг. Нэгж бараанаас олох ашиг их биш. Харин олон бараанаас ашиг олохоор тооцдог. Манайхан шиг, нэг бараанаас их ашиг гаргахын төлөө улайрдаггүй аж.

Ер нь эдийн засаг нь тогтворжсон улсад үнийг өсгөх, хөөргөдөх тийм сонирхол, шаардлага байдаггүй байна. Харин ч эсрэгээрээ, хэн үнээ хямдруулна, тэр наймаа хийнэ гэсэн зарчим үйлчилдэг.. Энэ бол олон зуун жилд дэлхийн зах зээлд тогтож төлөвшсөн наймааны соёл.

Монголын наймаачид дэлхий нийтийн наймааны соёлыг баримталдаг бол, монголын төр нь ард түмнийхээ амьдралыг үнийн галзуурлаас хамгаалж арга хэмжээ авдагсан бол, хүн амаа жигд хөрөнгөжүүлэх бодлого барьж ажилласан бол өнөөдөр ингэж цөөнх хэсэг нь хагартлаа баяжиж, ард түмний ихэнх нь ядуурч, өдөр өдрөөр эмзэг бүлгийн давхарга руу шилжихгүй байсан. Энэ байдлыг цааш хэвээр үргэлжлүүлбэл ард түмний амьдралыг улам бүр доройтуулах нигуртай тул бүх төрлийнбүтээгдэхүүний үнийг одоо хазаарлан барих цаг нэгэнт болж.

Барихаар барахгүй, цаашид үе шаттайгаар буулгах хэрэгтэй. Үнэ ийм өндөр хэмжээнд хүрч өсөх тийм гадаад, дотоод хүчин зүйл , тийм нөхцөл манайд байгаагүй,байх ч үгүй. Үнийг хазаарлан барилаа гээд, буулгалаа гээд наймаачдын амьдралд сөрөг үр дагавар гарахгүй. Гол урсдагаараа л урсана . Ер нь одоо цаашдаа үнийн галзуурлыг зогсоох, барих үүднээс улсын худалдааны газруудыг олноор байгуулах ч хэрэгтэй байна. Энд гагцхүү “ төрийн төмөр нүүр”, “төрийн төмөр нударга “ хэрэгтэй. Ийм хоёр юмыг л бид анзаарахгүй, тоохгүй яваад байх юм. Байгалийн хууль, нийгмийн хууль гэдэг өөрийн хатуу жимтэй бөгөөд хэн тэр жимээс хазайна, тэр хохирч дуусдаг ёстой. Хүн амаа нутгийнхаа зүүн районд хураачихаад бид хөгжих тухай яриад нэмэргүй. Үнийн өсөлтийг тогтоон барихгүй байж, ард түмний амьдралыг дээшлүүлэх тухай ярихын ч хэрэггүй. Ард түмэн баян бол хүчтэй, чадалтай байна.

Хүчтэй чадалтай ард түмэнтэй улс хүчирхэг байна. Хүн амыг зөв тараан суурьшуулах, үнийг хазаарлан барих гэсэн хоёр асуудал бол монголын ард түмний амьдралыг төвхнүүлэх, өөд татах чухал алхам төдийгүй, улс орон том хөгжилд хүрэх эсэхэд нөлөөлөх хүчин зүйл бөгөөд энэ утгаараа Монгол Улсын хөгжлийн үндэс суурь болно. Энэ хоёр асуудлыг шийдэхгүйгээр бид хол явахгүй, явсан ч зөв явахгүй.

 

 

 

Д. РАГЧАА

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин