Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар сургууль орчимд замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах, ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдлээ. 

Тодруулбал, тус сургуулийн арын замд авто машины улсын дугаар илрүүлэгчтэй хяналтын камеруудыг шинээр суурилууллаа. Энэ нь өдөр болон шөнийн цагт авто машины улсын дугаарыг тод харуулах тул зам тээврийн осол гаргасан болон дүрэм зөрчсөн жолооч нарыг илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцоход чухал ач холбогдолтой юм. 

"Осол гаргасан жолооч хүүхдийг 2-3 буудлын цаана буулгасан, 5, 10 мянган төгрөг халаасанд нь хийгээд явсан тохиолдол гарч байсан"

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир "Зам тээврийн хэрэг ослын улмаас 2020 онд 2,718 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн. 1,000 гаруй нь явган зорчигч байна.

Тэр дундаа явган зорчигч зам хөндлөн гарч яваад гарцан дээр машинд мөргүүлж, гэмтэж бэртэх, амь насаа алдах тохиолдол их. Мөн явган зорчигчийг мөргөөд, ослын газрыг орхиж явах ухамсаргүй үйлдэл ч нэлээд гардаг. Харин улсын дугаар илрүүлэгчтэй камер нь осол гаргасан жолоочийг олоход чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Энэхүү камер нь манай улсад анх удаа ашиглагдаж буй бөгөөд эхний ээлжид дөрвөн сургууль харьяа дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэйгөө хамтран суурилуулна" гэлээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Гарцан дээр хүүхэд мөргөхөд жолооч нь бууж ирээд хохирогчийг аваад явдаг. Хүмүүс ГССҮТ рүү аваад явж байна гэж боддог боловч үнэн хэрэгтээ 2-3 буудлын цаана буулгасан, 5, 10 мянган төгрөг халаасанд нь хийгээд явсан зэрэг харамсалтай тохиолдол бүртгэгдэж байсан. Харин камер суурилуулснаар энэ байдлыг таслан зогсооно" гэсэн юм.

13 дугаар сургуулийн Бага ангийн сургалтын менежер Ж.Одгэрэл "Манай сургууль 3,140 сурагчтай. Хэдийгээр эргэн тойронд камертай боловч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж чаддаггүй, тодорхой хэмжээнд эрсдэлтэй хэвээр байсан. Харин камер тавигдсанаар дүрэм зөрчсөн тохиолдолд сургуулийн ID кодоор шууд мэдээлэгдэнэ" гэлээ

УЛСЫН ДУГААР ИЛРҮҮЛЭГЧТЭЙ КАМЕРТ БИЧИГДЭХ ДҮРСИЙН ХАРАГДАХ БАЙДАЛ:

 

УЛСЫН ДУГААР ИЛРҮҮЛЭГЧТЭЙ КАМЕРТ БИЧИГДЭХ ДҮРСИЙН ХАРАГДАХ БАЙДАЛ: