Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хүүхэд, залуучуудтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан билээ.

Тодруулбал 

1. Хүүхдийн паркийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох, ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг даргад даалгасан.Хүүхдийн паркийн хашаанд зориулалтын бусаар баригдсан бүтээн байгуулалтууд байдаг. Цаашид хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглосон.

2. Найрамдал олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Уг зуслан нь 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа.Тиймээс уг зусланд бүрэн засвар хийж, цаашид тухайн газарт нэмж газар олгохгүй байх чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг өглөө. Мөн Найрамдал-2 зусланг байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, одоогоор зураг төслийн ажил хийгдсэн. Өмнө нь Хөвсгөл аймагт Найрамдал-2 зусланг байгуулах шийдвэр гарч байсан. Энэ ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт тусгах үүргийг мөн өгсөн.

 

3. Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороонд байрладаг, Жуковын талбайд ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг нийслэлийн Засаг даргад даалгасан.

 

4. Улаанбаатар дахь амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор Хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бүрэн засвар хийхээр болсон.

5. Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдсэн. Дахин байгуулахдаа СХД-ийн тавдугаар хороонд баригдаж байгаа дүүргийн соёлын ордны барилгыг Хүүхэд залуучуудын театрт шилжүүлж үйл ажиллагааг нь явуулах асуудлыг шийдсэн.

6. Хүүхэд залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэ хүрээнд Бамбарууш кафе гэх мэт хувийн хэвшлийнхний мэдэлд очсон байгууламжуудыг зориулалтын чиглэлээр нь ашиглахаар болж байна. Бамбарууш кафе хуучин зориулалтаар буюу хүүхэд, гэр бүлд зориулсан чиглэлээр есдүгээр сараас ажиллаж эхлэхээ Засгийн газарт мэдэгдсэн байна.

Дээрх шийдвэрүүдийг гаргасныхаа дараа Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Хүүхэд Залуучуудын Театрын барилгын үйл явцтай танилцан, Хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газар, "Бамбарууш" кафед зочлов.

 

"Бамбарууш" кафед зочлох үеэрээ : "

“Өнөөдөр дурсамжтай, сайхан өдөр болж байна.Би 1980 онд төрсөн. “Бамбарууш” кафе бол бидний үеийнхний хамгийн дурсамжтай, хамгийн их очих дуртай газар байсан. Аав, ээж маань хүүхдийн баяраар “Бамбарууш” кафед нэг оруулчихвал нэг жил хичээлээ сайн хийх үүрэг, даалгавар өгдөг байсан. Энд ирж маш гоё мөхөөлдөс, үзэмтэй бульчик иддэг байлаа. 1972 онд Сайд Нарын Зөвлөлийн 30-р тогтоол гарч, Хүүхдийн Төлөө Фондыг байгуулан, хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө маш их зүйл хийж байсан байдаг. Залуу Техникчдийн Ордон, “Бамбарууш” кафе, “Найрамдал” зусланг барьсан. “Хүүхдийн төлөө фонд” байгуулах шийдвэр тухайн үеийн олон хүүхэд, залуучуудыг шинэ ирээдүй рүү хөтөлж, идэвхитэй иргэд бий болгох эхлэлийг тавьсан. Өнгөрсөн 30 орчим жил нийгэм солигдож, Монголын төр нийгмийн, хүүхдийн, хүний хөгжлийн асуудлыг бага зэрэг орхигдуулсан, сургамжтай онц цаг байсан.

 

Тэгвэл өнөөдөр Засгийн Газрын хуралдаанаар хэд хэдэн сайхан шийдвэр гаргалаа. Хүүхэд Залуучуудын Театраа эргэн сэргээлээ, “Найрамдал” зуслангаа шинэчилж засч эхэллээ.Хүүхдийн Паркийн үйл ажиллагааг илүү шинэ түвшинд гаргаж, газрыг нь өөр зориулалтаар ашиглах боломжгүй байх эрхзүйн зохицуулалт хийлээ.

 

Үүнтэй зэрэгцээд нэг хэсэг баар ч байсан, дэлгүүр ч байсан, гэхдээ л нурчихалгүй, аж ахуйн нэгж дамжаад яваад байсан энэ газрыг “Моннис” группын хамт олон буцаагаад “Бамбарууш” кафе болгож, бидний хүүхэд насны дурсамжийг авчирсан төдийгүй, дараа дараагийн хүүхдүүдэд “Бамбарууш” кафетай холбоотой дурсамж бэлэглэхээр шийдсэнд Засгийн Газраа төлөөлөөд, Хүүхдийн Төлөө Зөвлөлөө төлөөлөөд, Хүүхдийн Төлөө Фондоо төлөөлөөд, нийт Монголчуудаа төлөөлөөд, баярлаж байгаагаа илэрхийлье. Цаашдаа Засгийн Газар хүүхдийн сайн сайхны төлөө, залуучуудын сайн сайхны төлөө аливаа санаачилгыг дэмжиж, хүүхдийн нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллана. Жуковын талбайг буцааж авахаар болсон гэдгээ энэ дашрамд хэлье. Өнгөрсөн сургамжин дээрээ суралцаад, хүүхэд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн улс болон хөгжих ерөөлийг дэвшүүлье. Өнөөдөр хэдийгээр цар тахалтай, хүүхдүүдэд вакцин хийх эсэх нь ДЭМБ дээр тодорхойгүй, халдвар хамгааллын дэглэмээ барих зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэ удаагийн хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх боломжгүй байлаа. 

Засгийн Газраас зүгээс уучлал гуйж байна. Гэхдээ цаашдаа илүү олон жил хүүхдийн баяраа гэрэл гэгээтэй тэмдэглэх түүхэн шийдвэрүүдийг гаргасан Засгийн Газрын хуралдаан болж өндөрлөлөө. Хоёрдугаар Төрөх Газраа, ЭХЭМҮТөвөө шинэчлэх томоохон хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аль ч орны ирээдүй хүүхдүүдтэй салшгүй холбоотой. Хүүхдүүдээ оруулах хөрөнгө оруулалт хамгийн зөв хөрөнгө оруулалт юм гэж Хүүхдийн Төлөө Зөвлөлийн Тэргүүний хувьд нийт эцэг эхчүүддээ, нийт хүүхдүүддээ хэлье. Амжилт хүсье. Баярлалаа.” гэв.

 

М.Чойжал