Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад бодлого, түүний онцлог 4
2021/06/02
Энэхүү цуврал өгүүллийг зөвхөн ноён Х.Баттулгад зориулаагүй, түүний халааг авах 6 дахь Ерөнхийлөгчид зориулж бичиж байгааг хүлээн авна уу. Монгол Улсын гадаад бодлого залгамж шинжтэй, зөв эхлэлийг зөв өвлөх гэдэг утгаар дараагийн шинэ Төрийн тэргүүнд хүрэх болтугай!
Гуравдагч хөршийн бодлогын амжилттай яваа нэг үзүүлэлт бол Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалтын механизм юм. Гурван талт эл уулзалт нь бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа, харилцан ашигтай эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал солилцох чухал механизм болж байдаг бөгөөд 2020 оны нэгдүгээр сард Вашингтон хотноо сүүлчийн уулзалт тохиосон. Монгол Улс, АНУ, Японы Хамтарсан мэдэгдэлд “Монгол Улс, АНУ, Япон Улс нь бүс нутгийн хөгжил, түүний дотор Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хэтийн төлөвийн талаар тус тусын саналаа танилцуулж, бүрэн эрхтэй, тусгаар тогтносон, ардчилсан орнууд бүхий хөгжин цэцэглэсэн, энх тайвныг эрхэмлэсэн бүс нутгийг цогцлоохын төлөө хамтран ажиллах талаар санал солилцов. АНУ нь 2019 онд Япон Улсын адил Монгол Улсын стратегийн түнш болсныг гурван тал талархан тэмдэглэж, стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв” гэсэн нь Монгол нь гуравдагч хөршийн бодлогоосоо ухрахгүй, гуравдагч хөрш гэх орнууд дотроо АНУ, Японыг ямагт чухалчилна гэсний тов тодорхой илэрхийлэл болжээ.
Манай улсын гуравдагч хөрш орнуудаас Энэтхэгийг энд онцлох нь зөв байх. Тав дахь Ерөнхийлөгч тус улсад 2019 онд айлчилж “Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай” хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг айлчлалаар хоёр орон улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэр, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, мэдээллийн технологийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцжээ. Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах Монголын анхны үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж дуусгах, коксжих нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн Энэтхэг рүү экспортлох ажлыг эхлүүлэх асуудлаар одоо ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үеэр бүс нутгийн улс орнууд нягт хамтран ажиллаж чаддагийн жишээг Монгол, Энэтхэг хоёр харуулж чадсаныг энд зориуд тэмдэглэе.
Ер нь 2019 он ноён Х.Баттулгын гадаад бодлогын оргил жил байсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Иж бүрэн стратегийн ба стратегийн түншлэл бүхий 5 гүрэнтэй (ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Энэтхэг) тэнцвэрийг барьсан, аль алинтай нь харилцааны далайцыг нэмэгдүүлсэн айлчлалуудыг амжилттай зохион байгуулжээ.
Зургаа. ШХАБ
Ноён Х.Баттулгын явуулсан гадаад бодлого дотор ШХАБ хүндтэй байрыг эзлэх нь мэдээж. Хүндтэй бөгөөд сонирхолтой, зарим талаар эгзэгтэй ч гэж хэлж болох болов уу. Учир нь бизнесийн салбарын төлөөлөл болж Төрийн тэргүүнээр ирсэн, аливаа гадаад харилцааг эх орны хөгжилтэй уяхыг хүсдэг, ядарсан жирийн ард түмэн ба баялаг бүтээгч цөөнхидөө гадаад бодлогын давуу талыг ашиглуулах гэдэг тэр байр сууринаасаа ШХАБ-ыг олж харахыг хичээж байв. Тэр хичээл зүтгэл нь хэрэгжсэнгүй. Гэхдээ өөрөөс нь болсон юм биш.
Тэрээр эхний нэг жилдээ дотоод асуудалдаа түүртээд ШХАБ-аар оролдох завгүй байсан биз. Бас түүнд зөвлөдөг, мэдээлэл хүргэдэг албад нь, зөвлөхүүд нь буруу мэдээлэл өгч, буруу тийш нь залуурдахыг оролдсон байж болно. Гэхдээ энэ бол хардлага төдий. Ямар ч атугай Монголыг тойруулсан ШХАБ-ын эдийн засгийн лут интеграцын тухай төсөөллийг түүнд өгсөн байв. Явж явж ажиглагч бид л ШХАБ-ын интеграцаас хоцорчихлоо, биднийг тойруулаад бүтээн байгуулалтаа хийгээд дуусгалаа хэмээн түүнийг шавдуулсан бололтой. 2018 оны хавар Монголын эдийн засгийн форумд “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай хамтын ажиллагааг энэ жилдээ багтаан ахисан түвшинд аваачиж, илүү идэвхтэй хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 8 улстай харилцах харилцаанд нэн таатай нөхцөл үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болно” хэмээн мэдэгдэв.
Тэгж хэлснийх нь дараа манай эрдэмтэд, сэтгүүлчид, ахмад дипломатчдын дунд өргөн хүрээтэй мэтгэлцээн өрнөж, ШХАБ-д жинхлүүлэх эсэх дээр маргаан дэгдсэн ба тэр маргааныг гярхай ажигласан Ерөнхийлөгч Х.Баттулга ГХЯ-нд хаалттай зөвлөлгөөн зохион байгуулж тал талын байр суурийг сонссон. Анхнаасаа буруу мэдээллээр өөрийг нь төөрөгдүүлсэн байна гэж үзсэн болов уу, тэр тухайгаа ч ШХАБ-ын дээд хэмжээний Циндаогийн саммитад үг хэлэхдээ битүү утгаар илэрхийлжээ.
Үүнд “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэсэн ба түүнээсээ нэмж хальж элдэв мэдэгдэл (амлалт) хийгээгүй өнөө хүрчээ. Ингэж мэдэгдэхдээ л ШХАБ нь эдийн засгийн интеграцын байгууллага болоосой гэсэн хүслээ хамт дайсан.
Харин ч нарийвчлан судлах явцдаа Гадаадын харилцааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулуулж, ШХАБ-ын гишүүн орнуудаар явуулж судалгаа хийлгэх, дүгнэлт гаргуулах ажлыг Ерөнхийлөгч сэдсэн. Тэр ажлын хэсгийг зохион байгуулж, Хятад, Энэтхэгт ажиллахад нь голлон оролцсоны хувьд би асуудлыг нарийвчлан мэдэж, бичиж буй хэрэг.
2019 онд ШХАБ-ын дараагийн саммитад оролцохдоо ноён Х.Баттулга өмнөх байр сууриа дахин давтаж тайлбарласан. “Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд явуулж байгаа талаар Та бүхэнд мэдээлж байсан билээ. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байна. ШХАБ-ын ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд ба Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зургийн төслийг боловсруулж, ШХАБ-ын ажиглагчийн статусын журамд өөрчлөлт оруулах, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхээр төлөвлөж буйг талархан хүлээж авч байна”– ердөө л энэ. Энд жинхлүүлнэ гэсэн амлалт өгөөгүй.
Хамгийн сүүлчийн шинэхэн баримт. 2020 онд цар тахлаас үүдэлтэйгээр ШХАБ-ын дараагийн саммит цахимаар хуралдсан. Хурлыг ОХУ-ын Ерөнхийлөгч даргалсан. Түүнд ноён Х.Баттулга оролцохдоо ингэж хэлжээ. “Монгол Улс ШХАБ-ын төлөвшилтийг анхааралтай ажиглан, холбогдох судалгаануудыг хийж, эдийн засгийн болон хүмүүнлэгийн салбарын практик үйл ажиллагаанд ажиглагчийнхаа байр суурийг хадгалан, идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна. Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөлд тодорхой ахиц гарч буйд бид баяртай байна.
Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүдийг урагшлуулах нь Зүүн Ази ба Төв Азийн зах зээлийг холбож ШХАБ-ын хүрээний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх юм. Бидэнд ийм практик ач холбогдолтой, бодит үр дүнтэй үйл ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэе” гэжээ.
Дараахан нь Монгол Улсын Шадар сайд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд цахимаар оролцож үг хэлэхдээ Төрийн тэргүүний үгийг бүр ч нотлож, Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр болон бусад салбарт идэвхтэй хамтран ажиллах, боломжтой төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах сонирхолтой байгаа ба Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн үйл явц тодорхой ахицтай байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг түргэсгээд зогсохгүй, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэжээ.
2020 оны намар манай Гадаад харилцааны сайд БНХАУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нартай Улаанбаатар, Москвад уулзсан. Тэр тухай ингэж ярьсан байх юм. “БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ ШХАБ-д “Монгол Улсыг элсээч” гэдэг санал тавьсан. Миний бие ОХУ-д албан айлчлал хийх үед тус улсын Гадаад хэргийн сайд С.В. Лавровтой уулзалт хийхэд энэ асуудлыг санал болгосон. Монгол Улс 2004 оноос тус байгууллагад ажиглагчийн статустай явж ирлээ. Өнөөдрийг хүртэл энэ байр суурь хэвээрээ байгаа. Хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сард БНХАУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой. Үргэлжлүүлэн судална” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Өнөөдөр манай байр суурь энэ түвшинд байгаа гэдгийг тэмдэглэе” гэжээ.
Дүгнэж үзвээс, халаагаа өгөх гэж буй 5 дахь Ерөнхийлөгчийг Оросын тал баримтлагч, Монголыг ШХАБ-д барьж өгөх гэлээ, тэр нь бүтсэнгүй гэх шүүмжлэл, хардлага байдаг бол түүнд дээрхи түүх бодит хариулт өгчихөж байгаа юм. Энд бүр маш тодорхой байр суурь харагдаж байна. ШХАБ нь эдийн засгийн интеграцын байгууллага болохгүй л юм бол практик ач холбогдолгүй, бодит үр дүнгүй, харин ч бүр гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын нэг механизм болох хэрэгтэй гээд бараг хэлчих шахжээ. Анхны төөрөгдөл (нэг талыг барьсан өрөөсгөл мэдээлэл очсон), дараа нь тэр төөрөгдлөө тун хурдан зассан, эргээд төвийг сахисан байр сууринаас ШХАБ-ыг олж харахыг хичээсэн, технократ өнцгөөс ШХАБ-ыг төлөвшөөсэй гэж хүссэн, тийм л түүх гурван жилд өрнөжээ. Харин дараагийн 6 дахь Ерөнхийлөгч маань ШХАБ руу уухайлан шавдахгүй болов уу гэж итгэж байна. Монголын ард түмэнд биетэй бодитой очиж нялзах наалдах ямар ашиг, давуу талтай болоод бид шахуулаад байгаа билээ. Шахуулсаар шахуулсаар нэг өдөр жинхэлдэг, “Бид ШХАБ-ыг эв нэгдэл, харилцан итгэлцлийн үлгэр жишээ болгох ёстой” гэсэн Хятадын Төрийн тэргүүний мэргэн заалт ба түүний дэвшүүлсэн тэрхүү “ШХАБ-ын хүрээний найрамдал”-д харшилсан гэж үзэгдэн Монгол-Америкийн, Монгол-Японы стратегийн түншлэлээсээ салж, бүр гуравдагч хөршийн бодлогоо царцаах дээрээ тулсан эрсдэл үүрэх юм биш байгаа?
Дүгнэлт
Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад бодлогоо маш өвөрмөц арга барилаар (заримдаа стандарт бус) явуулсан гэж үзэж болно. Дээрхи бүх түүх тэгж хэлээд байна. Тэрээр гурван салбарт амьдралаа зориулсан бие хүн. Уран зураач, самбо бөхийн дэлхийн аварга–тамирчин, бас бизнесч. Уран зургийн урлагийн нүдээр гадаад бодлогыг харахыг хичээсэн, бизнесийн гүйлгэн ухаан, дээр нь тамирчны хурд, тэвчээр, аль алин нь хослоод ирэхлээрээ маш прагматик, хувьсаж чаддаг, маневрлаж чаддаг гадаад бодлого харагдаж байна. Хэрэв ковидын цар тахал тулгараагүй бол илүү ихийг ч бүтээчих байлаа.
Гадаад харилцааны асар өргөн фронтыг ноён Х.Баттулга шүүмжлэлт өнцгөөс харсан. Аль нь хэрэгтэй, хэрэггүй юм гэдгийг ялгаж салгахыг хичээсэн. Үрэлгэн, хөл хөөрцөг болсон гадаад айлчлалуудаас татгалзсан. Олон талт форумыг хоёр талын харилцаанд ашиглаж болно гэдэг дээр чармайлт гаргасан.
Дипломат албыг ч өөрөөр харахыг хичээсэн. “Монголын ард түмэнд яг биетэй бодитой ашигтай ямар ажил хийж байна вэ Та нар?” гэх хатуу асуулт дипломатчдад тулгаж тавьсан. Дипломат алба бол тэгтлээ хошуурдаг, үхэлддэг, шагнал шахааны алба, албан тушаал биш гэдгийг ч хэд хэдэн удаа нотлоод тавьчихлаа.
Ямар ч гэсэн гадаад бодлого, гадаад харилцааг ноён Х.Баттулга өвөрмөц аргаар хөдөлгөж чадсан. Харин дараагийн 6 дахь Ерөнхийлөгч нь хэрхэхийг харах л үлдлээ.
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү