Зургаадугаар сарын 11-13-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Илүү их уншъя" уриатайгаар 29 дэх удаагийн номын баярыг Сүхбаатарын талбайд "Номын соёлт ертөнц ТББ"-аас 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Жил бүр номын баярт дунджаар 100  гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50000 гаруй уншигч оролцдог аж.

"Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.
Тэрээр "Ерөнхий зохион байгуулалтыг манайх хариуцаж, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн засаг даргын тамгын газар ажиллаж байна. Нээлтийн үйл ажиллагаа маргааш 12 цагт төв талбайд болно. Бусад өдөр өмнөх шигээ өглөөнөөс орой хүртэл үргэлжилнэ. Хавар, намрын тогтсон өдрүүдэд Сүхбаатарын талбайд жил бүр зохиолч, хэвлэлийн компани, уншигчид хуран чуулж, гурван өдрийн турш мэдлэгийн их далайд уншигчдаа аялуулдаг. Жилээс жилд ач холбогдол, нийгмийн хүлээлт нь улам нэмэгдэж байна.

Оролцогч, уншигч, хандивлагч, дэмжигч, ивээн тэтгэгчдийнхээ хүчээр тасралтгүй зохион байгуулсаар ирлээ.  Уламжлал ёсоор бол бид 2021.05.23-нд номын баярынхаа хаалтыг хийж байх байлаа. Хөл хорионы дэглэм буураагүй энэ үед баярын товыг 2021.06.11-13 болж хойшлуулсан. Таныг 15 дахь жилдээ тохиож буй номын баярт хүрэлцэх ирэхийг урья. Амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, бидний үйл ажиллагааг дэмжиж ирсэн бүх хүнд баярлалаа" гэлээ.

Харин хамтран зохион байгуулагч НЗДТГ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн "Номын нийслэл болцгооё" гэж уриалав. .