Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох ээлжит сонгууль явагдаж дууслаа. Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 68 орчим хувийн, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 орчим хувийн, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат 20 орчим хувийн санал авчээ.

“Яаж ч савлаж мэдэх” хэмээн болгоомжилж байсан боловч, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх хамгийн олон санал авч, үнэмлэхүй ялалт байгуулан Монгол Улсын Ерѳнхийлэгчээр сонгогдлоо. Яг үнэндээ сонгуулын сурталчилгааны үед ѳѳрийн үзэл бодлоо илэрхийлж, санаа бодлоо хуваалцсаны тѳлѳѳ ѳѳр хоорондоо маргалдан, сэтгэл зүйн хувьд бие биенээ дарамталж байснаас ѳѳрѳѳр ноцтой асуудал гарсангүй бололтой.

Сонгуулийн ѳмнѳ тѳсѳѳлж байснаа сонгуулийн үр дүнгийн дараа харьцуулж бодоход бодит байдал надад ингэж тѳсѳѳлѳгдѳж байна. МАН-ын хувьд энэ сонгуульд ЭВ НЭГДЭЛ-САХИЛГА БАТ-ХАРИУЦЛАГА тай оролцож ялалт байгуулав. Одоогийн нѳхцѳлд намын бүтэц тѳлѳвшилийн хувьд МАН илүү байгаа нь анзаарагдаж байна.

 

Нэр дэвшигч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерѳнхий сайдаар ажиллаж байхдаа, энэ цар тахлын хүнд үед зѳв гаргалгаа олж ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийг бага боловч эрсдлээс хамгаалж чадсан нь сонгуулийн үр дүнд нѳлѳѳлсѳн. Мѳн намын удирдах түвшинд залуусыг олноор нь гаргаж “цус сэлбэж” байгаа нь шинэчлэлд сайнаар нѳлѳѳлж буй. Нам доторх зѳрчилѳѳ олон нийтэд дэлгэлгүйгээр дотооддоо ойлголцон шийдэж чаддаг нь тэдний давуу тал юм.

АН-ын хувьд энэ сонгуульд ДОТООД АСУУДЛАА ШИЙДЭЖ ЧАДАЛГҮЙ задарч оролцсон нь олон нийтийн дунд нэр хүнд унаж, ялагдах шалтгаан болов. Хэдийгээр тэд дотоод ардчилал сайтай, зѳрчил нь олон нийтэд ил тод байдаг гэж тайлбарладаг боловч хувь хувийн жижиг амбицаа дарж чаддаггүй, бие биенээ хүлээн зѳвшѳѳрч чаддаггүй, хамтдаа зѳв шийдэлд хүрч чаддаггүй нь ажиглагдаж байлаа. Ардчилалыг Монгол оронд эхлүүлж байсан түүхэн гавъяатай энэ намын хувьд шинэ үеийн залуустаа итгэл ѳгч шинэчлэгдэхгүй бол, цаашид улам ихээр задран тэр хэрээрээ хүчгүйдэх харамсалтай тѳлѳв ажиглагдаж байна. Энэ ялагдал нь цаашид АН шинэчлэгдэн нэгдэх том зорилгын эхлэл болох байх хэмээн ѳѳдрѳгѳѳр харж байна.

ХҮН-ын хувьд энэ сонгуульд УЛС ТѲР ДЭХ ШИНЭ ҮЗЭГДЭЛ болон оролцлоо. Олон нийтээс санал асуулга авсаны үндсэн дээр ЗХЭЭ-ээс Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн нь олон хүмүүст таалагдав. ХҮН улс тѳрийн хүрээнд судалгаанд суурилсан шинэчлэлийн эхлэлийг тавьж байгаагаараа аажим аажмаар хоёр дахь том хүчин болох боломж руугаа явж байна. Харин хѳдѳѳ орон нутгууд болон Улаанбаатар хотын захын гэр хорооллууд дунд сайтар танигдаж амжаагүй байгаа нь саналд нь нѳлѳѳлсѳн байх. Сонгуулийн санхүүжилт болон олон нийтийн дэмжлэгт түшиглэсэн сурталчилгаа нь олон залуусын талархлыг хүлээж тэднийг дэмжих шалтгаан нь болж буй. Энэ сонгууль ХҮН-ын хувьд ѳѳрийн чансаагаа ахиулах том боломж боллоо.

 

НАДАД ЮУ БОДОГДСОН ГЭЭЧ!

 

1. Монголчууд бид нийтээрээ одоогийн байгаа байдлаасаа залхаж шинэчлэлийг хүсч байна. Тэд худлаа амлах, хэтэрхий их ярихаас тѳвѳгшѳѳж хийж бүтээсэн бодит ажлуудаар намуудыг дүгнэх болжээ.

2. Хэдийгээр олон зүйлийг ѳѳрчлѳх зѳв шийдвэрүүдийг гаргах боловч дунд шатны албан хаагчид, хѳдѳѳ орон нутгуудын боловсон хүчнүүд шинэчлэгдэн хѳгжихгүй байгаагаас амьдрал дээр ажил хэрэг болохгүй байна. Тэднийг сургаж бэлтгэх, ѳѳрчлѳх шинэ шаардлага бий болжээ.

3. Халамжийн тогтолцоо хэт хавтгайрснаас ажил хийж ѳѳрийн амьдралаа авч явах хүслээс зүгээр сууж Тѳрѳѳр тэжээлгэх санаа давамгай болжээ. Тэгэхээр халамжаа багасгаж, ажлын байр бий болгож хүмүүст ѳѳрийн чадлаараа амьдрах боломж руу шилжих байх.

4. Аль ч намуудын дотор шилдэг сэхээтнүүд, ухаалаг аж тѳрѳгсѳд, чин сэтгэлээрээ дэмжигсэд байгаа. Тэд бүгдээрээ ѳѳрчлѳгдѳн хѳгжиж, шинэчлэгдэхийг хүсч байна. Хэрхэн шинэчлэгдэх нь намууд доторх шинэ үеийн залуусын идэвх санаачлагаас шалтгаалдаг.

5. Сошиал орчин дахь хийрхэл, хагарал, турхиралтаас ангижраад харах юм бол монголчууд бид сайн тал руугаа явж байна хэмээн би лав ѳѳдрѳгѳѳр харж байна. Хариуцлагаа үүрч буй МАН ын хувьд алдаа гаргах, муу ажиллах эрхгүй. Энэ нь тэдний орших, эс оршихуйн шалтгаан нь болно.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерѳнхийлэгч болсноор бидний амьдрал гэнэт сайжраад сайн сайхан болчихгүй, эсвэл гэнэт муудаад сүйрэлд орчихгүй. Яг үнэндээ миний, чиний, бидний амьдрал ямар байх нь надаас, чамаас, биднээс л шалтгаална. Тийм болохоор бид аль болох бусдаас хамааралтай байхаас татгалзаж, ѳѳрийн боломжоороо амьдралаа авч явахыг хичээхээс ѳѳр сонголт үгүй. Тэгэхээр бидэнд халамж бус ажлын байр хамгийн хэрэгтэй дэмжлэг болно доо. Бас тэгээд бидэнд хагарал талцал бус эв нэгдэл, зѳв сайн үйлдлийг дэмжих дэмжлэг хэрэгтэй байнаа. Хүссэн ч эс хүссэн ч энэ сайхан эх орондоо хамтдаа ажиллаж амьдарцгаах болно. Сонгуульгүй жилүүд үргэлжилнэ.

 

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах