Коронавирус цар тахлын халдварын тоо эрс өсөж, гамшгийн хэмжээнд хүрч байна. Зөвхөн өчигдөр гэхэд л Монгол Улсын хэмжээнд  10 мянга гаруй сорьцод шинжилгээ хийснээс  2188 хүн коронавируст халдвартай нь батлагдаж, коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 10 хүн өчигдөр нас баржээ. Нийтдээ коронавирус халдварын улмаас 361 хүн алтан амиа алдаад байна.

Үүнтэй холбоотойгоор Хятад вакцины чанар муу байна гэх мэт цуу яриа дэгдэж буй ч бодит байдал өөр бололтой.

 

6 сарын 10-н хүртэл коронавирусын халдвар авсан хүмүүсийн 10% нь л вакцины бүрэн тунгаа аваад 14 хоносон хүмүүс байжээ. Мөн эдгээр иргэд харьцангуй хөнгөн өвдсөн байна.

 

Одоогийн байдлаар нийт насанд хүрэгчдийн 54%  нь л вакцины 2 тунтай, 14 хоносон хүмүүс байгаа аж. Энэ нь нийт хүн амдаа тооцвол ердөө 30% юм байна.

Өөрөөр хэлбэл вакцинжуулалт бүрэн дуусч, дархлаа тогтох яагаа ч үгүй байхад бид хэдийн санаа амарч, зугаалаад эхэлчихжээ гэсэн үг. 

Ер нь хатуухан хэлэхэд Монголчууд бид өөрсдөө Ковидгүй зуныг хүсэхгүй байгаа мэт үйлдэл хийгээд байгаа юм биш үү? Вакцины бүрэн дархлаа тогтоогүй байхад элдэв шоу арга хэмжээ зохион байгуулж буй албан байгууллагуудад ч хариуцлага тооцох цаг болжээ.

Хамгийн гол нь иргэд бид вакцины бүрэн дархлаа тогттол сонор сэрэмжээ алдалгүй нэн хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, гэртээ байх шаардлагатай байна.

 

С.Сарнай