COVID-19 халдварын нөхцөл байдлын улмаас Дундговь аймаг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 22-ны өдрийн 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ.

Үүнтэй холбоотойгоор дээрх хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх болон банкны үйлчилгээнээс бусад салбарын үйл ажиллагааг хязгаарласан байна.Хүнсний дэлгүүрүүд 09:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд архи согтууруулах ундаа худалдан борлуулах болон түүгээр үйлчлэхийг хоригложээ.

Түүнчлэн сүүлийн дөрвөн сард халдвар авч эдгэрснээс бусад иргэдийг төлбөртэй түргэвчилсэн шинжилгээнд хамруулж аймаг руу нэвтрүүлэхээс гадна хяналтын цэгүүдээр PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр нэвтэрч буй иргэдийг долоо хоног гэрийн тусгаарлалтад оруулахаар шийдвэрлэсэн гэж Дундговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээс өчигдөр шинээр халдварын 60 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр Дундговь аймагт нийт 289 хүн халдвар авлаа. Мөн Эрдэнэдалай болон Дэрэн суманд халдварын шинэ голомт үүссэн байна.