Хөшигийн хөндийд байгуулсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудал өнөөдөр нээлтээ хийнэ. Нисэх буудлын анхны нислэг УБ-Нарита (Япон) чиглэлд 11:50 цагт хөөрөх юм. 

Шинэ нисэх буудлын нээлтийн арга хэмжээ нь олон улсын нислэгтэй давхцаж байгаа учир коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хүн хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулагдах ажээ. Тухайлбал зөвхөн УБ-Нарита (Япон) чиглэлийн аяллын зорчигчдыг тийз болон холбогдох бичиг баримтаар, шинэ нисэх буудлын нээлтийн ёслолын арга хэмжээнд  уригдсан зочдыг урилгаар нисэх буудлын 2 дугаар давхарын төв хаалгаар дотогш нэвтрүүлнэ.
Бусад иргэдийг нээлтийн өдрийн 13:00 цагаас хойш нисэх буудлын төв хаалгаар нэвтрүүлэхдээ коронавирусын халдвар хамгааллын дэглэмийг баримтлан дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдсан гэрчилгээ, халдвар аваад эдгэрсэн бол эрүүл мэндийн гэрчилгээ, эсвэл 72 цагийн ПСР-ын шинжилгээний хариуг шалгана. Мөн биеийн халууныг   хэмжиж, ариутгал хийлгэснээр дотогш нэвтэрч дэлгүүр, худалдаа үйлчилгээ, хоолны газраар үйлчлүүлэх боломжтой болох юм.