Бөөрөнхий дэлхийн 186 сая хүн “ковид”-ийн халдвар авч, дөрвөн сая гаруй хүн энэ тахлаар хорвоог орхиод байна. Цар тахал илэрснээс жил хагасын хугацаа өнгөрсөн.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус хамгийн сүүлд, хоёр хоногийн өмнө “...Цар тахал маш аюултай үе шатандаа ирээд байна” гэж мэдэгдлээ.

Тэрбээр хүн төрөлхтнийг цар тахлаас хамгаалахын тулд улс орнуудад хувийн хамгаалах хэрэгсэл, шинжилгээ, эмчилгээний материал, вакцины тэгш хуваарилалтын дэмжлэг үзүүлэх нь цорын ганц гарц гэж үзэж байгаагаа хэлсэн байна.

Мөн тэр цар тахлын эсрэг иргэдээ вакцинжуулалтад хамруулж, хязгаарлалт тогтоох нь хүндрэлийг зөөлрүүлж буйг хэлсэн байна. Харин эдгээрийг орхигдуулсан нь “үхлийн давалгаа”-тай тулгарч байна гэж дүгнэжээ.

Харин манай Монголын хувьд дэлхийд дээгүүр бичигдэх хэмжээнд вакцинжуулалт хийсэн. Бас хөл хориог хэд хэдэн удаа тавьсан. Гэвч төрийн шагнал, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа халдвар гарч, нас барагсдын тоо огцом нэмэгдсэн. Одоо ч буураагүй байна.

Угтаа “ах” нар баахан шоудаж, балгаж байгаад гараад явчихсан. Засгийн газар гэдэг “бацаан” тэдний архины шил, тамхины ишийг цэвэрлэж байгаатай ижил юм даг уу даа.

Хэдийгээр Монгол амжилттай вакцинжуулсан ч халдвараа бас “амжилттай” алдсан улсаар нэрлэгдэж байгаа ч дотоод улс төрийнх нь “халуун” буухгүй байгаа юм.

Уг нь дэлхийгээ жаахан анирдахул нөхцөл байдал өөрөөр уншигдаж байна.

Маш товчхон хэлэхэд, өнөөдөртөө дэлхийд “ковид”-ийг ялсан лидер “төрөөгүй” байна гэсэн үг.

Ер нь бол коронавирусыг “forever virus” мөнхийн вирус гэдэг боллоо. Томоохон хэвлэлүүдэд энэ вирусын шинэ вариантууд гарч ирснээр сүргийн дархлаа тогтох боломжгүй болсныг онцолдог боллоо.

Өөрсдийнөө жишээн дээр үзэхэд тийм л байна. Хэдийгээр шагнал, сонгууль нөлөөлсөн ч энэ халдварын давалгаа анх гарч байх үеийнхээс өөр байгааг судлаачид онцолсон байх жишээтэй.

Ингэхээр “New Normal” буюу амьдралын шинэ хэв маягийг улс орнууд хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. Цар тахалтай зэрэгцэн орших энэ хэв маягийг их гүрнүүд хэдийнэ сонгосон. Японд л гэхэд ийм хэв маягийг төлөвшүүлэхээр хүн бүр ажилдаа тохирсон халдварын тархалтаас сэргийлэх удирдамжийг хэрэгжүүлж буй. Ингэхдээ агааржуулалт, гар ариутгагчаар хангах, амны хаалт зүүлгэх, зай барих гэх мэтийг онцгой анхаарч байна. Хоолны газрууд үйлчлүүлэгчдийг урд урдаасаа харж биш, зэрэгцээ суух, хоорондоо аль болох харилцахгүй байх, дуу хөгжим сонсох зэргээр “хангаж” байна.  Ерөнхийлөө Японы Засгийн газар тушаал , хууль тогтоомжоос илүүтэй иргэдийн санаачилга, ухамсарт найдсан үйл ажиллагааг сонгож байгаа юм. Ер нь бол өнөөдөр дэлхий нийтэд вакцин чухал, харин хөл хорио гэх мэтийн хязгаарлалт үгүйсгэгдэж эхлээд байна. Харин ч сул чөлөөтэй тавьж, гагцхүү хүний ухамсарт найдах замыг нийтээрээ сонгох болов.

Манайхан ч “...Хөл хорио дэмий байж” гэдэг дүгнэлтэд хүрээд байна. Үйлчилгээний газруудыг нээж, бизнесүүдийг дэмжих бодлогыг Засгийн газар барьж байна.

Наадам боллоо. Угтуулаад “...Аймгууд дураараа хөл тогтоохыг хориглоно” гэж Засгийн газар мэдэгджээ. Тэгэхээр энэ зун дотоодын “жуулчлал” Монгол орныг хэрнэ гэсэн үг.

Наадмын дараа намар болно. Амьдрал үргэлжилнэ. Ургацаа хураана. Хадлангаа хураана. Тэгээд өвөлжинө. Ингэж үргэлжилнэ. Харин энэ бүх хугацаанд өнөөх коронавирус, шинэ вариунтуудтайгаа зэрэгцэн оршсоор л байх прогнозтой байна шүү.

 

Б.Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин